Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн тэмдэглэлт өдөр энэ долоо хоногт тохиолоо. УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог, М.Энхболд, УИХ-ын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн түүхийн музейг үзэж сонирхсон юм. Ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаанд улсын заан Д.Баасандорж найм даван түрүүлж, улсын харцага Э.Оюунболд үзүүрлэв.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татаж, ДНБ-д улсын нийт өрийн эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах заалт тусгахаар тогтлоо. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 60 хувиас, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гэж нарийвчлан заахаар тогтжээ.
Энэ долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдав. Намын бүлэг 2015 оны төсвийн тодотгол болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Бүлгийн хуралдаанаар хүүхдийн, одонтой эхчүүдийн мөнгө, гибрид машины татварыг хуучнаар үлдээх байр сууринд хүрлээ. Мөн цалин, тэтгэврийг нэмэхэд эх үүсвэр гаргасан талаар УИХ-ын дарга З.Энхболд мэдээлээд байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээг энэ долоо хоногт баталж, талууд гарын үсэг зурлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
УИХ болон байнгын хороодоор төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа билээ. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед ард түмний цалин, тэтгэврийг танаж, татвар нэмэх бус харин улс төрчдөөс хэмнэлтийг эхлүүлэх ёстой гэж үзэх хүн цөөнгүй байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд унааны зардлаа төсвөөс гаргуулалгүй өөрсдөө төлж байх санал гаргаж, үүнийгээ бүх гишүүдэд уриалаад байна. МАН-ын бүлгийн гишүүд сонгуульт хугацаагаа дуустал унааны зардлаа өөрсдөө төлнө гэдгээ ч мөн мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар төсөв хэмнэхийн тулд улс төрийн албан хаагчдын төсвийг ядаж таван хувь хасах ёстой гэсэн саналыг гаргасан. Энэ саналыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг нар дэмжсэн байна.
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл энэ долоо хоногт хуралдсан юм. Тус хурлаар бодлогын хүүг нэг нэгжээр өсгөн, 13 хувь болгох шийдвэр гаргалаа. Тус шийдвэрийг Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна. Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн долоодугаар сарын хуралдаанаараа бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмж, 12 хувь болгож байсан билээ.
Монголын жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн 48 кг жингийн тамирчин Г.Отгонцэцэгийг легионер тамирчнаар авах ажлын хүрээнд Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, тус улсын Соёл, спортын яамны харьяа шигшээ багуудын дэд захирал Болат Хавлахат Монголд иржээ. Өмнө нь Монгол-Казакстаны жүдо бөхийн холбооны төлөөллүүд Г.Отгонцэцэгийг Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод зодоглох талаар албан ёсны гэрээг хийсэн. Г.Отгонцэцэг легионер тамирчин болохын зэрэгцээ ирэх 2016 оны олимпд Казакстан улсын нэрийн өмнөөс зодоглох бол иргэншлээ солиход хүрнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС уншина уу.
Дархан-Уул аймагт олон жилийн дунджаас ахиу цас орж, бүх сумдад цасны зузаан 20-35 см хүрсэн байна. Мөн энэ сарын эхээр хүйтний эрч чангарч, ойрын өдрүүдэд шөнөдөө хасах 28-33 градус, өдөртөө 14-20 градус хүйтэн байна. Тиймээс замгүй газраар газар товчлон зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хол замд явахгүй байх, бага насны хүүхдээ малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас санууллаа. Мөн жолооч нарт техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаагаа сайтар хангаж замд гарахыг анхааруулав.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ буураагүйг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.
2006 онд Монголын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амийг хөнөөсөн цагдаагийн хоёр ажилтанд энэ долоо хоногт цаазын ял оноосон байна. Дөрвөн жилийн өмнө тэдэнд мөн ялын дээд хэмжээг оноосон боловч 2013 оны наймдугаар сарын 23-нд Давж Заалдах Шүүхээс тэднийг цагаатгаж байсан юм.
Булган аймгийн Хангал сумын IV багийн нутаг дэвсгэр болох "Хялганат" тосгонд зургаан айл голын халианы усанд автсан байна. Манай орны томоохон гол мөрнүүдэд битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч, мөсний зузаан нь аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд зам товчлох болон гарамгүй газраар гол гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах тухай зөвлөмжийг ЭНДЭЭС уншаарай.
2015 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж, хяналт шалгалт хийж байна. Хүний эрхийн Үндэсний Комисс өнгөрөгч 2014 онд нийт 710 гомдол хүлээн авчээ. Үүний 330 буюу нийт гомдлын 46.5 хувийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих анги болон цагдан хорих байранд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсээс ирүүлсэн гомдол эзэлсэн байна. Эдгээр гомдлын 261 нь буюу 80 орчим хувийг зөвхөн Цагдан хорих 461 дүгээр ангиас ирүүлсэн байжээ.
Өчигдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 17-ны өглөөний 09 цагийн орчимд Улаанбаатараас Налайх явах замд хоёр хүн амь насаа алдан, арав гаруй зорчигч гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, микроавтобус болон ачааны “Зил 130” машинууд хурд хэтрүүлэн, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцад энэхүү осол гарчээ. Осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор нийслэлийн болон тус дүүргийн замын цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн урьдчилсан мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдэгдээд байгаа.
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.