УДБЭТ-ын хамт олон энэ сарын 24, 25-ны өдрүүдэд вальс хөгжмийн хаан Австрийн хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлийг нэгтгэсэн “Оргилуун дарс” нэртэй шинэ балетыг дэглэн тоглуулах гэж байна. Тус балет нь залуу хүний дотоод ертөнцийг вальс бүжгийн гайхамшигт хөдөлгөөнөөр илэрхийлж харуулахаараа онцлог юм.
“Оргилуун дарс” балетын үйл явдал нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баясал, амьдралын сайхан талыг тайзнаа орчин үеийн сонгодог бүжгийн хэлбэрээр хүргэхээр зорьж буй.
И.Штраус нь зургаан настайдаа анхны вальсын хөгжмийг бичиж байсан бөгөөд тэрбээр 74 насныхаа 55 жилийг уран бүтээлд зориулсан хөдөлмөрч, хөгжөөнтэй нэгэн байсан гэдэг.
И. Штраус нь бүжгийн 500 орчим хөгжим бичсэний тэн хагас нь вальсын аялгуу байдаг. Түүний “Цэнхэр дунай”, Венийн шугуйн үлгэр”, “Жүжигчиний амьдрал”, "Хаврын дуун” зэрэг олон бүтээл нь дэлхийд алдаршсан.
Уг балетын цомнол болон бүжгийн найруулга, дэглэлтийг УДБЭТ-ын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва хийсэн бөгөөд симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдан тоглуулна. Гол дүрүүдэд УДБЭТ-ын балетын гоцлооч СТА Б.Саруул, А.Эрдэнэболд А.Билгүдэ, О.Анужин зэрэг залуу бүжигчид тоглоно. Тус тоглолтод бүжигчид тайзан дээр хормын дотор хувцсаа солих, өвөрмөц үзүүлбэр, илбэ зэрэг сонирхолтой зүйлүүдийг бэлтгэжээ.
И.Штраусын хөгжмийн аялгуунд шинэ балет төрнө | ||
Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.