Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдлээ. Хурлын үеэр Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, гишүүн Б.Энхмандахыг Үндэсний зөвлөлийн даргаар томилох шийдвэр гаргасан юм. Ингээд Үндэсний зөвлөлийн шинэ дарга Б.Энхмандахаас дараах асуултад хариулт авлаа.
-Үндэсний зөвлөлийн даргад хэдэн хүн өрсөлдсөн бэ?
-Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хурал болсон. Энэ хуралдаанаар Үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвдорж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ингээд Олон нийтийн радио телевизийн хуулийн дагуу Үндэсний зөвлөлийн гишүүдийн дотроос шинээр дарга сонгох асуудлыг хэлэлцэж, хоёр хүн нэр дэвшиж өрсөлдсөн. Миний бие олонхийн саналыг авч Олон нийтийн радио телевизийн сонгуульт ажлыг эрхлэхээр болж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хуулийн дагуу Үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн сонгох сонгууль саяхан болсныг та бүхэн мэдэж байгаа. Нийт 15 гишүүний долоог нь шинээр сонгосон. Энэ нь УИХ-аас сонгогддог албан тушаал юм. Миний хувьд энэ удаагийн сонгуулиар зургаан жилийн хугацаатайгаар томилогдсон. Ингэхдээ Олон нийтийн байгууллагын болон Монголын элчин сайд нарын клубын өмнөөс сонгогдсон юм. Би улс төрийн байгууллагын ажлаас гадна дипломат албыг хашиж байсан. Хуулийн дагуу төрийн байгууллагаас нэр дэвшиж, УИХ-ын чуулганаар орж сонгогдсон.
-Үндэсний зөвлөлийн хурлаар 2016 онд Бразилийн Рио Де Жанейро хотод болох зуны 31 дүгээр олимпийн наадмыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр шууд дамжуулах эрхийн талаар хэлэлцсэн. Ямар шийдэлд хүрсэн бол?
-Сая Үндэсний зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцлээ. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Рио Де Жанейрод болох олимпийг шууд дамжуулах эрхийг авах асуудлаар санал оруулсан. Ер нь МҮОНРТ олимп дамжуулах бусад телевизтэй хамтарч, нэг баг болж эрхийг авах нь зүйтэй юм гэсэн зөвшөөрлийг МҮОНРТ-д өглөө. Энэ эрхийг Олимпийг зохион байгуулах хороо өгдөг. Манай орны хувьд Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн гишүүний хувьд тус эрхийг тэр байгууллагаараа дамжуулж авах юм. Ингээд бусад байгууллагуудтайгаа хамтарч энэхүү эрхээ худалдаж авах боломжтой юм гэж Үндэсний зөвлөлөөс үзсэн.
Б.Энхмандах: МҮОНРТ олимп дамжуулах бусад телевизтэй хамтарч ажиллана | ||
Үзсэн: 1327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.