Шууд Chart

Иргэдийн газрыг чөлөөлүүлэн Доржийн гудамжны замыг өргөтгөж байна

2013-08-15 11:38:43

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа бөгөөд нийслэлийн бүтээн байгуулалт тэр дундаа зам засварын ажил эрчимтэй өрнөж, ирэх 9 дүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар хаа хаанаа шамдан ажиллаж байгаа юм. Бид сүүлийн хэдэн жил байнга хэл ам дагуулж байдаг Доржийн гудамжны зам засварын ажил хэрхэн өрнөж байгаа талаар газар дээрээс нь сурвалжлага бэлтгэлээ. Хэрэв та энэ замыг сонгон зорчих гэж байгаа бол дараах мэдээллийг сонирхоход илүүдэхгүй байх. 

“Эвтэй дөрвөн амьтан”-ы хөшөө бүхий Сансарын тойргоос “Цайз” захын урд уулзвар хүртэлх 2.8 км замыг завсарлан, өргөтгөх ажил энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхэлжээ.

Жил бүр засвар хийж, тэр нь эргээд эвдэрч гэмтэн олны хэл ам дагуулдаг байсан Доржийн гудамжийг энэ жил дорвитойхон засварлахаар шийдсэн. “Даа хүрээ” техникийн зах, мод модон материалын “Цайз” захыг зорисон машины цуваа үргэлж л “дарж” байдаг уг замыг 20 метр болгон өргөсгөж, хоёр талаар нь гурван мерт өргөнтэй явган хүний зам тавих гэнэ. Нийт 26 мерт өргөн, 2,8 км урт замын ажлыг хоёр компани хүч хавсран хийж байгаа аж.
Толгой компани нь зам барилгын “Беринг” ХХК, туслан гүйцэтгэгч нь “Шагайн жим” ХХК юм.
Тэдний техникийн хүчин чадал нь тус замын ажлыг хийж гүйцэтгэхэд яг тохирч байгаа тул хамтран ажиллаж байна хэмээн талбайн инженерүүд нь тайлбарлав.
Сансарын тойргоос зүүн тийш 600 мерт, харин Цайзын уулзвараас баруун тийш 700 мерт гаруйд 20 мерт өрөн зам засаад асфальтаар хуччихсан, явган хүний зам тавьж байна. Уг замаа тоосгон хавтангаар тавьж байгаа учир хавтан нь цас борооны үед халтиргаа багатай байдаг бөгөөд, цас наалдаж дагтаршихгүй амархан ховхорч, харин зун, намрын бороонд ус чийгийг газрын хөрсөнд сайн шингээдэг гэнэ.
Харин одоо Доржийн гудамжны дунд хэсгийн 1,6 км орчим замын засвар ажил хийгдэж байгаа бөгөөд хоёр гурван ч удаа замыг хэсэгчлэн хаасан ажээ. Үүнээс болж иргэд бухимдалтай байгаа хэмээн замынхан тайлбарлалаа.
Замын өргөн зарим газраа 20 мерт хүрэхгүй байгаа тул айлуудын хашаа руу зам нэлээд тэлжээ. Тухайлбал Банзүрх дүүргийн V хорооны нутаг Оросын оршуулга орчимд айлын хашаа руу шахаж дөрвөн метр орчим өндөр дэнж газрыг сэтлэн ухаж байв. Оросын оруулгыг хөндөж болохгүй, хэрэв тэгвэл ОХУ, манай хоёр орон төдийгүй олон улсын хурцадмал асуудал үүснэ. Тиймээс бид тус энэ хорооны айлуудтай аль болох эвээр ярьж байна гэж замынхан мэдэгдлээ.
Ийнхүү айлуудын газрыг хэсэгчлэн чөлөөлүүлж байгаа нь иргэдийн эгдүүцэл, уур бухимдлыг төрүүлж байна. Зарим айл хашаагаа 5-6 мерт хойш нь татаж байгаа бол зам дагуу байрласан авто засвар болон дугай засварын газрууд 10-16 мерт газраа чөлөөлөх шаардлагатай болжээ. Газраа чөлөөлөн өгч байгаа иргэдийн зарим нь саруулхан, цэвэр зам талбайтай болчихвол хэн хэндээ хэрэгтэй хэмээн ярьж байхад зарим нь “жил болгон их тоос шороо болгон бужигнуулж, зам талбай хааж, боон байж зассан зам жилийн насгүй л зүйл байдаг шүү дээ. Энэ удаа ч мөн иргэдэд их хүрдрэлтэй байна. Байнга тоос босч, ухаж, сэндийчсэн, овоолсон шороон дээгүүр явахаар явганаас бэртчих гээд хэцүү байна. Хурдан энэ ажлаа дуусгаад биднийг амраагаасай. Мөн бидний эзэмшил газрыг чөлөөлүүлж байгаа. Өндөр үнээр худалдаж авсан газраа зүгээр нэг нийтийн эзэмшлийн зам талбай болгочих хайран байна” гэж байлаа.
Ер нь энэ жил замын засвар, шинэчлэлт хийгдэж байгаа газар бүрт ус зайлуулах далд шугам хийгдэж байгаа юм. Замын хоёр талаар байрлах далд хэлбэрийн ус зайлуулах шугам нь 60х60 харьцаа бүхий битонон шуудуу аж. өөрөөр хэлбэл 60 см гүн, 60 см өргөн шуудуугаар замын газаргууны ус урсаж, үерийн далан руу цутгах юм байна. Дээрээ мөн битонон тагтай тул лаг шавар, хог хаягдлаар дүүрсэн уг ус залуулах шуудууг дээрээс нь цэвэрлэх боломтой гэнэ. Яг ийм төрлийн далд шуудуу, бидний жишээ болгон ярих дуртай “Нарны зам” дагуу хийгджээ.
Гэхдээ Доржийн гудамжийг гурван ч удаа хааж зам засварын ажил хийсэн ч дорвитой өөрчлөлт харагдахгүй байгааг иргэд хэлж байв. Замын ажил удааширсан уу, эсвэл графикийн дагуу явж байна уу гэдгийг “Беринг ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал Т.Баярсайхнаас тодрууллаа.

Тэрээр “Доржийн гудамжны замыг өргөтгөн шинэчлэх ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн 20 метр өргөн замыг ус зайлуулах шугамын хамт тавих ажил тийм ч амар ажил биш. Гэхдээ бид шахуу хувиартайгаар ажиллаж байгаа. Удаашрах нь бүү хэл зарим үед арай яарчихаад байна. Графикийн дагуу бол энэ зам аравдугаар сарын нэгэнд дуусах ёстой юм шүү дээ. Гэвч хотын захиргаанаас биднийг есдүгээр сарын 1 гэхэд зорчих хэсгийг нь бүрэн засварлаж дуусга гэж шахаад байгаа. Гэтэл замын технологи гэдэг хүний санаан зоргоор болохгүй. Суурь замаа тавиад, дор хаяж долоо хоног индүүдэж, дагтаршуулах хэрэгтэй байдаг юм. Одоо бол гурав хоногт аль болох олон удаа индүүдээд л асфальтаараа хучиж байна. Дээр нь мөн замын өргөн зарим газраа үндсэн хэмжээнд хүрэхгүй болж байгаа тул оршин суугчдын газрыг чөлөөлүүлэх шаардлагатай. Иргэд болон нийслэлийн өмчийн харилцааны газрынхан хоорондоо тохиролцож чадахгүй бол бидний ажил уягдана. Энэ мэтээр ажил явахгүй үе байдаг” гэж ярьлаа. Гэхдээ одоогийн байдлаар замын ажил графикт хугацаанаасаа түрүүлж яваа юм байна.
Бэлтгэсэн: Д.Жамбалдорж

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Иргэдийн газрыг чөлөөлүүлэн Доржийн гудамжны замыг өргөтгөж байна   
Үзсэн: 2479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-15 16:40
Okay

Бидэнтэй нэгдээрэй