Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-01-24 07:11:36

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны нэгдүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өнгөрсөн бямба гарагт эх орноосоо мордсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нар албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Харин үүний дараа талууд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС http://mnb.mn/i/43991 уншина уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдүгээр сарын 21-24-нд Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо.


Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга захирамж гаргаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан билээ. Ажлын хэсэг энэ долоо хоногт анхны хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын үр дүнг харгалзан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан боловсруулж, танилцуулахыг УИХ-ын дарга үүрэг болгосон байна.


Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахад чухал ач холбогдол өгч энэхүү ажлыг улс даяар удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны долоодугаар захирамжаар, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар тус тус байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд гурван сая дахь иргэний бэлгэдэл бүхий логог бүтээж, олон нийтэд танилцуулаад байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  уншаарай.


Энэ долоо хоногт Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга боллоо. Налайх дүүрэгт тус санал асуулга нэгдүгээр сарын 21-ний 07:00-21:00 цагийн хооронд долоон хэсгийн хороон дээр болсон. Санал асуулгад тус дүүргийн иргэдийн 62.3 хувь нь буюу 12180 иргэн санал өгснөөс 96.1 хувь нь буюу 11708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжлээ. Харин Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга хоёр өдөр үргэлжилсэн. Санал өгөх нэрсийн жагсаалтад 16260 иргэн бичигдсэнээс санал асуулгад 77.85 хувь буюу 12659 иргэн оролцжээ. Үүнээс 95.76 хувь нь буюу 12094 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжсэн байна. Хууль эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ хэлэлцсэний дараа УИХ, Засгийн газарт хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаа юм.


Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоол гаргаж,  2014 оны арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн эрчим хүчний үнэ тарифыг нэмжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС  унших боломжтой.


Энэ долоо хоногт цахим ертөнцөөр вьетнамчуудтай зугаацаж буй монгол охидын зураг, бичлэг тарсан. Үүнтэй холбогдуулан Вьетнам улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргаад байна. Мэдэгдэлд “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтарч, гэмт хэрэгт өртсөн иргэд байгаа эсэхийг шалгах болно. Хэрэв манай улсын иргэд гэмт хэрэгт өртсөн, гэмт хэрэгт холбогдсон бол бид арга хэмжээ авна. Мөн вьетнамчуудын гар утсыг хулгайлж, хувийн бичлэг, зураг зэргийг нийтэд цацсан этгээдийг шалгуулах болно” гэсэн байна.


Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч С.Гансүрэн, татварын улсын байцаагч С.Отгонзаяа нарын P3 радиод өгсөн ярилцлагыг ЭНДЭЭС сонсоорой. Татварын хөнгөлөлтөд хамрагдах иргэд ирэх сарын 15-ны дотор харьяа татварын албандаа материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй юм.


Маргааш баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Нэгдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26,28-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй