![](/uploads/201501/news/thumb/fba4666c7413c2588cc62c0d4ded1082_x3.jpg)
Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Тус тэмцээнд манай бөхчүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, саяхан болж өнгөрсөн УАШТ-ий медальтнуудын дийлэнх нь зодоглосон. Эрэгтэй 28, эмэгтэй 16 нийт 44 бөх оролцон хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 86, 97, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж манай долоон бөх өрсөлдсөн.
86 кг-ын жинд "Аврагч" спорт хорооны тамирчин О.Үйтүмэн хагас шигшээд Беларуссын бөх Александр Гуштынийг 5:0 онооны харьцаагаар ялж, алтан медалийн төлөө Оросын бөх А.Уришевтэй гар зөрүүлж 4:11 онооны харьцаагаар дийлснээр мөнгөн медаль хүртлээ.
97 кг-ын жинд "Ганьт" клубын бөх, Азийн аварга Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт Беларуссын бөх Ибрагим Саидовт ялагдаж, дагах барилдаанд Оросын бөхийг ялж, хүрэл медалийн төлөө мөн ОХУ-ын бөх Юрий Белоновскийтэй өрсөлдөж 3:3 онооны харьцаагаар ялагдсанаар медалиас мултарсан юм.
125 кг-ын жинд "Аврагч" спорт хорооны тамирчин Н.Золбоо финалын барилдаанд ОХУ-ын А.Хугаевт 0:2 онооны харьцаагаар хожигдож, хүрэл медалийн төлөө Ж.Чулуунбаттай барилдаж 1:4 онооны харьцаагаар дийлджээ.
Харин Ж.Чулуунбатын хувьд нэгдүгээр тойрогт Оросын бөх Сослан Эльтаровыг ялж дараа нь Оросын бөх А.Хугаевт ялагдаж, дагах барилдаанд мөн Оросын бөхийг хожиж хүрэл медалийн төлөө Н.Золбоотой барилдаж 4:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулсан байна. Ингэснээр тэр хүрэл медаль хүртсэн.
Манай бөхчүүдээс Эрэгтэйчүүдийн -
86 кг-д Оргодолын Үйтүмэн /”Аврагч” спорт хороо/ мөнгө
125 кг-д Ж.Чулуунбат /”Арслан” клуб/ хүрэл
57 кг-д Э.Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракшн” компаний бөх, дэлхийн залуучуудын аварга/ хүрэл
Эмэгтэйчүүдээс-
63 кг-д Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга/ алт
58 кг-д Баатаржавын Шоовдор /”Цастын барс” клуб/ алт
69 кг-д Очирбатын Насанбурмаа /”Гацуурт-Олимп” клуб, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/ мөнгө
55 кг-д Алтанцэцэгийн Батцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, залуучуудын дэлхийн аварга/ мөнгө
55 кг-д Батбаатарын Номин-Эрдэнэ /”Хангарьд” клуб/ хүрэл
48 кг-д Цогтбаатарын Бямбазаяа /”Алдар” спорт хороо/ хүрэл
53 кг-д Э.Сумьяа /”Замчин” спорт клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/ хүрэл тус тус хүртлээ.
Харин эрэгтэй 61, 65, 70, 74, 97 кг-д эмэгтэй 60, 75 кг-ийн жинд медальд хүрч чадсангүй.
Гэвч чөлөөт бөхийн холбооны эх сурвалж "Дасгалжуулагчид энэ тэмцээнд ач холбогдол өгч, оролцсонгүй гэж үзэж байна. Учир нь манай бөхчүүдийн олонх нь эхний барилдаандаа ялагдаж үзэгчдийн суудалд шилжжээ. Гадаад оронд тэр тусмаа насанд хүрэгчдийн тэмцээнд эх орныхоо нэрээр зарлагдаж дэвжээнд гардаг. "Алтан гран при"-д оролцсон бөхчүүдийг ядахдаа нэг тойрог барилдах ур чадвартай, үзэгчид нэрийг нь урьд өмнө дуулж байсан бөх байх хэрэгтэй" гэдгийг онцлосон байна. Мөн энэ талаар дасгалжуулагч нар нэгийг бодож байгаа байх гэж найдаж байна гэжээ.
ДБНХ-ны техникийн төлөөлөгчөөр ажилласан, Олон улсын шүүгч Петери Ласло:
"Оросын хоёр бөх дэвжээн дээр бие биенээ хүндэтгээгүй явдал гарсан. Чөлөөт бөх бол гудамжны зодоон биш, өрсөлдөгчөө хүндэтгэхгүй бол бөхийн спортод байж болохгүй. Болсон явдлын тухай би ДБНХ-нд мэдэгдсэн. Энэ хоёр бөхийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасна” гэжээ.
И.Ярыгиний нэрэмжит тэмцээнээс 10 медаль хүртлээ | ||
Үзсэн: 2273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.