
Өнгөрөгч 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд найман хүн мөнгөн усанд хордож, одоогоор Хордлогын яаралтай тусламжийн төвд шилжин хэвтэн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал дунд зэрэг байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн нэгдлээс мэдээлсэн байна.
Эх сурвалжуудын ярьж буйгаар хүний хордлогын шалтгаан нь "Мөнгөн усаар ясны идээт үрэвслийг эмчлэх гэж оролдсонтой" холбоотой аж.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн нэгдлээс ард иргэдэд зориулан дараах зөвлөмжийг гаргажээ.
1.Мөнгөн усанд өртсөн, мөнгөн ус асгарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн хүмүүсийг иртэл дараах арга хэмжээг авсан байх:
- Орон нутгийнхаа Онцгой байдлын газарт даруй мэдэгдэнэ.
- Тухайн өрөөнд ажиллаж байгаа агааржуулагч, сэнсийг унтрааж, мөнгөн ус асгарсан газрыг даруй орхиж гарна.
- Тухайн газарт гаднаас хүн нэвтрэн орохыг хориглоно.
- Мөнгөн усны уур өрөөнөөс гадагш алдахаас сэргийлж, хаалганы завсарыг даавуугаар чигжинэ.
- Тухайн мөнгөн усанд өртсөн газарт байгаа цахилгаан хэрэгслийг өрөөнөөс зөөж гаргаж болохгүй.
- Мөнгөн ус гутал хувцсан дээр хүрэлцсэн бол тэдгээрийг тайлж, гялгар уутанд хийн, амыг нь битүүмжилж өрөөнөөс гарган салхины дор тавьж, мэргэжлийн хүмүүст хүлээлгэж өгнө.
- Мөнгөн ус арьсанд хүрсэн бол нэн даруй бүлээн устай шүршүүрт орох, үсэнд сул шүлтлэг савангаар угаана.
- Мөнгөн ус нүдэнд орвол цэвэр усаар 10-15 минут сайтар зайлна.
- Мөнгөн ус залгисан тохиолдолд их хэмжээний шингэн зүйл ууна.
- Асгарсан мөнгөн усыг ахуйн зориулалтаар хэрэглэдэг тоос сорогчоор соруулж болохгүй.
2.Та болон танай хөрш айл, албан байгууллага мөнгөн устай ажиллаж буй сэжигтэй тохиолдол илэрвэл орон нутгийнхаа Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
Найман хүн мөнгөн усанд хорджээ | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.