Эмэгтэй үндэсний супер лигийн өчигдрийн эхний тоглолтод гурав дараалан хожил аваад байсан "МУИС Ирвэсүүд" болон өнгөрсөн улирлын Спрайт лигийн аварга "Баянгол Фалконс" багуудын хооронд боллоо. Лигийг гурван хожилтойгоор тэргүүлэгчдийн хоёрдугаарт бичигдэж байсан хоёр багийн тулаан тун өрсөлдөөнтэй өрнөсөн.
Шийдвэрлэх үед хамгийн олон ОУХМ цолтонтой баг болох "Баянгол Фалконс" 71:51-ээр буюу 20 онооны зөрүүтэй өрсөлдөгчөө буулган авч улирлын дөрөв дэх хожлоо аван эмэгтэй үндэсний супер лигийг тэргүүлж эхэлсэн юм.
Фалконсчуудаас энэ өдөр төвийн тоглогч А.Мөнхсувд 18 оноо, самбараас 12 бөмбөг авч багаа тэргүүлсэн бол ОУХМ Д.Ганзул 15 оноо, Б.Солонго 14 оноо М.Чимэддолгор 10 оноо 5 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн. Харин эсрэг багаас Б.Болор-Эрдэнэ 14 оноо, 11 самбар, Ш.Өнөрмаа 13 оноо 5 самбар авсан байна.
"Төв ургац" улирлын найм дахь хожлоо авлаа
Энэ өдрийн эрэгтэй үндэсний супер лигийн эхний тоглолтыг долоон хожил дөрвөн хожигдолтой яваа "Төв Ургац" vs "Дундговь Альянс Тех Харцага" багуудын хооронд боллоо. Харцгуудын бүрэлдэхүүнд багийн ахлагч ОУХМ Б.Одбаяр хүрэлцэн ирж супер лигийн анхны тоглолтоо хийсэн. Тэрээр Төв Ургацын эсрэг 8 оноо 10 самбар авсан ч баг нь улирлын долоо дахь хожигдлоо хүлээлээ. Харин тоглолтын IV үед эргэн ирэлт хийж найм дахь хожлоо байгуулсан "Төв ургац"-аас сүүлийн хэдэн тоглолтод тогтмол гараанд гарах болсон Ц.Пүрэвдорж багаа тэргүүлэн 17 оноо 2 бөмбөг таслалт гүйцэтгэсэн бол Frank Holmes 17 оноо 16 самбар, Д.Дэлгэрням 14 оноо 19 самбар, Ц.Ганболд Ц.Мэргэн нар тус тус 11 оноо авсан юм.
Харин америк дасгалжуулагчаар удирдуулах болсон Харцагуудаас Domanic Rambo 31 оноо, Э.Дөлгөөн 18 оноо 5 бөмбөг таслалт П.Болортулга 11 оноо авсан байна. Ингэснээр Төв ургац баг 12 тоглолтын дараагаар найман хожил дөрвөн хожигдолтой супер лигийг тэргүүлж байгаа бол Харцагууд зургаан хожил долоон хожигдолтой Плей-Оффийн сүүлийн наймд бичигдэж байна
"Гэгээн хангай Лидер" плей-оффийн өрсөлдөөнд очлоо
Спортын төв ордонд эргэн ирсэн үндэсний супер лигийн энэ өдрийн сүүлийн тоглолт "Хэнтий Чингис Сити" vs "Гэгээн Хангай лидер" багуудын хооронд болсон. Энэ тоглолт хоёр багийн аль алинд чухал тоглолтуудын нэг бөгөөд хожсон баг Плей-оффийн өрсөлдөөнд эргэн ирэх байсан юм. "Лидер" багийн хувьд сүүлийн тоглолтондоо "Их Өргөө Аравтууд"-ыг буулган аваад байсан бол "Чингис Сити" эцсийн мөчид хожлоо "Ирвэсүүд"-д алдсан юм.
Ингээд М.Гантөмөр дасгалжуулагчтай "Хэнтий Чингис Сити" тоглолтын эхлэлийг хүчтэй тавьсан бөгөөд тэднээс эхний хагаст холбон тоглогч Gabe Moton 33 оноо авч гурвын шугамны араас долоон удаа довтолгоогоо амжилттай болгоод байсан бол "Гэгээн хангай Лидерүүд"-ээс Э.Дөлгөөн 17 оноо 12 самбар авч 59:58-аар эхний хагас өндөрлөсөн.
Улмаар маш олон оноо авалттай тоглолтын төгсгөлд "Гэгээн хангай Лидер" 120:109-өөр улирлын тав дахь хожлоо байгуулсан юм. "Лидерүүд"-ийн эсрэг энэ өдөр "Чингис Сити" багийн Gabe Moton гурав онооны шидэлт 15-ыг хийж 9-ийг нь амжилттай болгосноор 47 оноо авсан бол Afam 37 оноо 8 самбар, Ж.Алтаншагай 14 оноо 5 оновчтой дамжуулалт хийсэн.
"Лидерүүд"-ээс Blake 35 оноо О.Цэлмэг 24 оноо Э.Дөлгөөн 24 оноо Gamble 20 оноо 20 самбар тус тус авсан байна.
Эмэгтэй супер лигийг "Фалконс" тэргүүлж байна | ||
Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.