
"Исламын улс" бүлэглэл барьцаанд байгаа Японы сэтгүүлч Кэнжи Гото болон Иорданы “Air Force” онгоцны нисгэгч нарыг 27 террористоор солих шаардлага тавьсан талаар Японы “TBS” телевиз мэдээлсэн байна. Эх сурвалжуудын ярьж буйгаар барьцаалагчид Иорданы эрх бүхий байгууллагад 27 террористын нэрсийг гаргаж өгсөн аж.
Тэд өмнө нь Японы Засгийн газарт хандан барьцаалагдсан хоёр иргэнээ авахын тулд 72 цагийн дотор 200 сая ам.доллар төлөхийг шаардаж байсан бөгөөд тун удалгүй буюу өнгөрөгч бямба гарагт Японы иргэн Харуна Юкаваг цаазаар авсан гэж мэдээлсэн билээ.
Харин одоо тэд шаардлагаа өөрчилж Иорданы шоронд бүх насаараа болон цаазаар авах ялаар шийтгүүлсэн террористуудыг суллахыг шаардах болсон байна. Тодруулбал, Тус улсын шоронд ял эдлэж буй Сажида ар-Ришауи гэгчээр солихыг санал болгосон аж. Сажида ар-Ришауи нь 2005 онд нөхрийн хамт Иордан улсын нийслэл Амман хотод алан хядах ажиллагаа зохион байгуулж, 60 гаруй хүний аминд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Иорданы талтай зөвлөлдөх ажлыг эрчимжүүлэх”-ийг Гадаад хэргийн яамандаа тушаажээ.
Иорданы зүгээс Кэнжи Гото болон “Air Force” онгоцны нисгэгчийг суллуулах хэлэлцээрийг хийж эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна
"Новости" сонинд мэдээлснээр Иорданы хаан II Абдулла “Манай улс нисгэгчээ алан хядагчдын гараас аврах олон боломжийг туршиж үзэж байна” гэсэн байна.
Эргэн сануулхад, өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр Иорданы цэргийн нисэх онгоц Сирийн Ракк хотод осолдож, онгоцны нисгэгчийг босогчид олзолсон билээ.
Иорданы зүгээс цаазаар авах ялаар шийтгэгдсэн алан хядагчдыг суллах эсэх талаар ярилцаж байгаа аж.
Үүний зэрэгцээ Иорданы шинжээчид “Хэрэв алан хядагчдын шаардлагыг биелүүлэхгүй бол олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн үүсч болзошгүй тул юун түрүүнд барьцаалагдагсдыг суллуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй” гэж үзэж байгаа гэнэ.
"Исламын улс" бүлэглэл япон сэтгүүлч, Иорданы нисгэгч хоёрыг 27 террористоор солино гэв | ||
Үзсэн: 1779 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.