Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2015-01-27 15:10:10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Үүнд,

2014 оны ургацаас дотоодын гурилын үйлдвэр болон Тариаланг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайд олгох мөнгөн урамшуулалтай холбогдуулан “Улаанбуудайн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа. Ингэснээр хүнсний улаанбуудайн нэг тонн тутмын урамшуулал 70 мянган төгрөг болж байна.


- Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёр дугаар илтгэлийг хэлэлцэн дэмжээд, илтгэлийг НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарт хүргүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.


- Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт  2015-2016 оны улсын хэлэлцээр болон хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.  Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дүрмийг шинэчлэн баталсан байна.


- АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулах хоёр дахь компакт гэрээний тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа. Тус корпорацийн дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч буюу Азийн орнуудыг хариуцсан захирал тэргүүтэй төлөөлөгчид гэрээ байгуулах асуудлаар манай улсад ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсэгтэй энэ оны нэгдүгээр сарын 27-нд уулзалт хийхээр товложээ.


- 2014 оны аравдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XII хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэд даалгав.


- 2014 оны есдүгээр сард Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хоёрдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын дэд сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Г.Байгальмаад даалгав.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй