Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Монгол Улсын хүн ам гурван саяд хүрлээ. Манай улсын гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин тодорсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэнд аавынх нь хүсэлтээр Х.Монголжин нэр хайрлав. Х.Монголжин нэгдүгээр сарын 24-ний бямба гарагийн өглөө 08:27 цагт эхээс мэндэлсэн юм. Энэ өдөр 181 хүүхэд хорвоод мэндэлсэн бол Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин 73 дахь төрөлт байлаа. Засгийн газрын 2014 оны 400 дахь тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70 сая хүртэл төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, түүний чацуутнуудад гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох юм.
Тодруулбал, гурван сая дахь иргэнтэй нэг өдөр мэндэлсэн 181 хүүхдэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс тус бүр гурван сая төгрөгийн тэтгэлэг олгоно. “Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комисс энэ долоо хоногт гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн 29 чацуутныг зарласан. Уншигч та бүхэн гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутнуудын нэрсийг ЭНДЭЭС харах боломжтой. Монгол Улсын гурван сая дахь иргэн тодорсноос бусад аймаг, нийслэлийн дүүрэгт Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр төрсөн нэг чацуутанд 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулах ажлыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга орон нутагтаа зохион байгуулна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 онд, хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлж байсан бол гурван сая дахь иргэн 2015 онд Монгол оронд мэндэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МҮОНТ-ийн “Цаг үе-үзэл бодол” нэвтрүүлэгт оролцлоо. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу. Ерөнхий сайд тус нэвтрүүлэгт оролцохдоо “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авах болсноо зарласан. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулаад байна. Хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан өгөх саналын үйл ажиллагаанд 2015 оны нэгдүгээр сарын 31-нээс буюу өнөөдрөөс хоёрдугаар сарын гуравны өдрүүдэд хяналт тавьж, ажлын тайланг саналын дүнгийн хамт хоёрдугаар сарын 4-ний өдөрт багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх юм. Үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд мессежээр илгээнэ.
Саналын хариуг “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр хүлээн авах бөгөөд өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцно. Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй. 15151111 дугаарт мессеж илгээхэд үнэгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ. Харин санал асуулга эхлэхээс долоо хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм.
Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын II ээлж нэгдүгээр сарын 26-ны өдөр эхэлсэн. Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн талаарх дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС уншаарай.
Энэ долоо хоногт элэгний С вирусын эсрэг өндөр үр дүнтэй “Gilead Sciences” компанийн “Sofosbuver” эмийг Эрүүл мэндийн яамны эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж авлаа. Сүүлийн үеийн судалгаанаас харахад тус эмийг рибавирин эмтэй хавсарч хэрэглэвэл 80 хувь, Интерферонтой хавсарвал 90-95 хувийн үр дүнтэй байгаа аж.
Утаагүй зуух хэрэглэдэг байсан гэр хорооллын өрхүүдийн цахилгааны төлбөрийн 50 хувийг улсаас хөнгөлдөг байсныг энэ оноос хүчингүй болгож байгаа талаар "УБЦТС" ТӨХК-аас мэдэгдэв. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаад байна. Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гарагуудад, сондгой тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 1, 8, 15-ны ням гарагуудад өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийхээр боллоо. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гараг, хоёрдугаар сарын 1, 8, 15-ны ням гарагт “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулах зохицуулалт хийх юм.
Өнөөдөр цаг агаар тогтуун ч жиндүү хүйтэн байна. Хоёрдугаар сарын 1-нд нутгийн төв хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 3-4-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.