Шууд Chart

“Учралын эгшиг”-ээр уярсан үдэш

2015-02-02 09:29:54

Залуу дуучин Э.Болор-Уянгын “Учралын эгшиг” тоглолт өчигдөр “River sounds” клубт амжилттай болж өндөрлөлөө. Урлаг соёлын сор болсон дуучдыг нэгэн дор цуглуулж, удтал сонсоогүй уран бүтээлийг нь дуулуулсан тоглолтын үзэгчид сэтгэл хангалуун байсныг энд дурдах хэрэгтэй. Түүнчлэн амьд хөгжим, чадалтай уран бүтээлчийн хоолойтой төгс зохицож байсныг ч хэлэх нь зүй. Э.Болор-Уянга дуучин 1970-1980-аад оны сор болсон уран бүтээлч дуучин Д.Эрдэнэцэцэгийн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлж, тоглолтоо ийнхүү нэрлэсэнд үзэгчид хийгээд тэнд цугларсан уран бүтээлчид хүндэтгэлтэй хандаж байв. Тиймдээ ч тоглолтын оргил хэсэг буюу

“Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя
Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя аа
Намираахан бүлээхэн борооны дуслууд болж
Навчинд шүүдэрлэн хослон гялалзъя аа” ....

гэж эгшиглэх үед үзэгчид суудлаасаа босч хүндэтгэл үзүүлэн, даган дуулж байлаа.

Ард түмэн аяыг нь сонсоод л дагаж дуулдаг энэ гайхалтай уран бүтээлийг 27 жилийн дараа дахин дуулж, сонсогчдын сонорыг мялаасан дуучин бүсгүйг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнах тэр мөчид үзэгчдийн алга ташилт, хашгираан клубын гаднаас ч сонсогдохоор байсан юм. Түүний шагналыг хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа гардуулсан бөгөөд тэрбээр “Эмэгтэй уран бүтээлчдийн төлөөлөлд багтан, олон сайхан уран бүтээлээ ард түмэндээ сонсгож яваа залуу уран бүтээлч дүүдээ баяр хүргэе. Өнөөдөр үнэхээр гайхалтай үдэш байна. Хөгжимчид, дуучдаа хараад сэтгэл хөдлөөд сууж чадахгүй, босч бүжиглэлээ. Чадалтай хоолойтой, зорилго тэмүүлэлтэй дүүд маань өгсөн энэ шагнал нүдээ олжээ гэж бодож суулаа. Дүүдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье” гэв.

Өчигдрийн тоглолтод МУГЖ дуучин Б.Дашдондог ая дуугаа өргөж, түүний ард МУГЖ дуучин Б.Сарантуяа хоолой салгаж дуулан, удтал уран бүтээлээрээ үзэгчдтэйгээ уулзаагүй байсан дуучин С.Сэрчмаа, Э.Минжинсор нар үзэгчдийн суудалд тухлан дуучин бүсгүйн тоглолтыг үзэж, С.Сэрчмаа дуучин Э.Болор-Уянгатай хамтран ямар ч хөгжимгүйгээр “Ээжийн бүүвэйн дууг” эгшиглүүлсэн гээд онцлох зүйл олон байв.

Дуучин Э.Болор-Уянга  “Ээжийн бүүвэйн дууг” үзэгчдийн дунд сууж байсан ээждээ зориулан дуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байсан юм.

Ийнхүү Уянгаа бүсгүйн “Учралын эгшиг”-ээр уяраасан үдэш баярын нулимс, бахархал баярын алга ташилтаар дүүрэн өндөрлөв.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Учралын эгшиг”-ээр уярсан үдэш  
Үзсэн: 1406 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй