![](/uploads/201308/news/thumb/899c8755df5a89972c8c03b12e2ebfcf_x3.jpg)
Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Мөн өвөл хаяанд ирчихээд байна. Тиймээс хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэр байгаа, нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагаа, өвөлжих бэлтгэлийн талаар нийслэлийн засаг даргын Зам, тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа.
-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Нийслэлийн засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Ургах наран” хорооллын урд талд Хөлийн голд 4,45 га газрыг 5-р цахилгаан станц барих зориулалтаар Эрчим хүчний яаманд эзэмшүүлэх шийдвэр гарсан байгаа. Одоо энэ газарт Засгийн газрын тогтоолын дагуу Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам байгал орчны нарийвчилсан үнэлгээ хийж байгаа. Энэ газрыг үерийн аманд байрладаг, мөнхийн цэвдэгтэй гэж үзэж байгаа учраас Байгал орчны үнэлгээг заавал хийх учиртай юм. Тиймээс Байгаль орчин ногоон хөгжлийн яам энэ үнэлгээг хийхдээ маш анхаарал болгоомжтой, ажиллаж байх шиг байна. Үнэлгээний ажил дуусаад, албан ёсны шийдвэр гарсны дараа барилгын ажил нь эхлэх гэж байгаа юм.
Нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших №-“УС”-15 халаалтын зуухыг шинчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэсэн юм. Шинэ дулааны станц барих аж ахуй хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж, эрчим хүчний яам сонгон шалгаруулсан. “Амгалан” дулааны станц барих ажилд БНХАУ-ын компани шалгарсан байгаа. Одоо барилгын зураг төслийн ажлаа баталгаажуулахаар ажиллаж байна. Харин УС-15-ын газар чөлөөлөлтын ажилд зориулж, Нийслэлээс 6 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм. Хуучин УС-15-ын барилга байгууламжийг буулгасан. Гэрээний дагуу 12 дугаар сарын 15-нд багтаагаад эхний зуух ашиглалтанд орох ёстой. “Амгалан” дулааны станц ашиглалтанд орсноор 13-р хорооллын хэмжээний хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Дулааны станц барих ажил маань үндсэндээ 4-р сард эхэлсэн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол Засаг даргын захирамж, Засгийн газрын шийдвэр гарсны дараа 5 дугаар сараас эхлэн хуучин барилгыг нурааж эхэлсэн. Энэ ажилд тухайн газрын оршин суугчид газраа чөлөөлж, маш идэвхи санаачлагатай оролцож байсанд талархмаар байна.
Бид хотоо цэцэрлэгжүүлж, өнгө төрхөнд илүү анхаарч байгаа ч энэ нь тийм содон зүйл биш. Бусад хот ямар байдаг тэр жишгийн дагуу л Улаанбаатар хөгжиж байгаа юм.
Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “замын хөдөлгөөны хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан шинэ журам энэ сараас эхэлж хэрэгжсэн бөгөөд замын хөдөлгөөний зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурчээ. Наймдугаар сарын 10-ны байдлаар нийтдээ гурван сая 650 мянган төгрөгийн торгууль төлөгдсөн бөгөөд хаяг нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар 149 торгуулийн хуудас буцаагдсан байна. Энэ талаар замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Нийслэлийн удирдлагуудад уламжилсан байна. Тиймээс энэ асуудлаар тодорхой ажил зохион байгуулж, хэрэгжүүлэхийг нийслэлийн удирлагаас холбогдох албанд үүрэг олгосон байна. Мөн хотын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, төвийн аймгууд руу явдаг замын уулзваруудыг холбосон хурдны зам төлөвлөгдөөд байгаа юм байна.
Бэлтгэсэн : Д.Жамбалдорж
“Амгалан” ДЦС ашиглалтанд орсноор 13-р хорооллын хэмжээний хорооллыг хангах боломжтой | ||
Үзсэн: 2447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.