
Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан 29 хүүхдийн нэрсийг Үндэсний статистикийн хорооноос зарласан билээ. Харин манай сайт хэвлэл мэдээллийн байгууллагаас анх удаа 21 аймгийн чацуутан болсон хүүхдүүдийн мэдээллийг уншигчдадаа хүргэж байна. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнаар шалгарсан хүүхдүүдэд орон нутгийн удирдлагууд хүндэтгэлээ илэрхийлж, Засгийн газрын тогтоолыг хэрхэн биелүүлэхээ уламжилсаар байгаа аж. Түүнчлэн чацуутнуудын эцэг, эхийн дундаж нас 20-25 бөгөөд нэгдүгээр сарын 24-нд мэндэлсэн хүүхдүүдийн олонх нь охид байгаа юм. Монголын үрс маш олон болох болтугай.
Х.Монголжингийн чацуутан Б.Батхаан
Архангай аймагт Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан айлын ууган хүү болж мэндэлжээ. Түүний аавыг У.Баянбат, ээжийг Л.Лхамдэлгэр гэдэг бол ууган хүүдээ Б.Батхаан гэдэг нэр хайрласан байна. Б.Батхаан хүү гурван сая дахь иргэн Х.Монголжин охиноос зургаан минутын өмнө буюу нэгдүгээр сарын 24-ний өдрийн 08:21 цагт энэ хорвоод мэндэлсэн байна. Дашрамд дурдахад, хүүгийн нэрийг өвөө нь сонгож, будаанд хийсэн нь шигшигдэн гарч иржээ.
Тус аймгийн хувьд Засгийн газрын 400 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэхээ шийдвэрлээгүй байгаа гэнэ.
Баян-Өлгий аймаг шинэ иргэндээ 70 сая төгрөгийн байр өгнө
Баян-Өлгий аймгийн гурван сая дахь иргэний чацуутан М.Бекболат, А.Амандых нарын охин болж мэндэлжээ. Охин Х.Монголжингоос 3 цаг 53 минутын дараа төрсөн бөгөөд энэ өдөр тус аймагт гурван хүүхэд мэндэлсний нэг нь болсон байна. Аймгийн удирдлагууд Засгийн газрын тогтоолын дагуу охинд 70 сая төгрөгийн байр өгөхөөр болсон аж. Түүнчлэн охинтой чацуутан хоёр хүүхдэд тус бүр нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна.
Хонгор нутгийн С.Аялгуу
Баянхонгор аймгийн Баянхонгор суманд гурван сая дахь иргэний чацуутан мэндэлжээ. А.Самдандорж, Э.Нямсүрэн нарын ууган охин болж мэндэлсэн Хонгор нутгийн шинэхэн иргэнд С.Аялгуу гэх нэр хайрласан байна. С.Аялгуу охины чацуутан болж Баянхонгор аймагт зургаан хүүхэд мэндэлсний нэг нь хүү бусад нь охид байна. С.Аялгуу охин гурван сая дахь иргэнээс 38 минутын өмнө буюу 07:49 цагт мэндэлжээ. Охины аав МУИС-ийн Статистикийн ангийн III дамжаанд суралцдаг бол ээж нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн III курсэд суралцдаг юм.
Дашрамд дурдахад, А.Самдандоржийн хувьд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат бол Э.Нямсүрэн Баян-Овоо сумын харьяат аж.
Арвайхээр хотод төрсөн Булган нутгийн охин
Булган аймгийн гурван сая дахь иргэний чацуутан Арвайхээр хотноо Б.Мэндбаяр, Д.Нарангаравуу нарын ууган охин болж мэндэлжээ. Тэрбээр гурван сая дахь иргэнээс 22 минутын өмнө буюу нэгдүгээр сарын 24-ний өдрийн 08:05 цагт мэндэлсэн байна. Аймаг болоод сумын удирдлагууд охины гэрт очиж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Засгийн газрын тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа ажээ.
Гурван сая дахь иргэнийг тодруулах бүртгэл эхэлснээс хойш Булган аймгийн хэмжээнд 61 хүүхэд мэндэлсэн байна.
В.Бямбаюугийн отгон гүнж
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд мэндэлсэн чацуутан гэр бүлдээ гурав дахь охин нь болж мэндэлжээ. Тэрбээр гурван сая дахь иргэнээс 3 цаг 14 минутын дараа төрсөн юм. Тус аймагт түүнтэй хамт хоёр хүүхэд мэндэлсэн байна. Нутгийн удирдлагууд гурван сая дахь иргэний чацуутан айлын гурав дахь охин болж мэндэлсэн бяцхан гүнжид ямар урамшуулал олгох талаараа энэ сарын 10-нд болох ИТХ-аараа шийдвэрлэх ажээ.
Баяжихын билэгдэл Ц.Баясгалан
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд гурван сая дахь иргэний чацуутан мэндэлсэн. Тэрбээр Х.Цэвэгням, Г.Отгончимэг нарын ууган охин юм. Түүнд эмээ нь Баясгалан гэх нэр хайрлаж, баяжихын билэгдэл болж яваарай хэмээн ерөөсөн нь ийнхүү билэг дэмбэрэлтэй үйл явдалд биелэлээ олж байна.
Охины ээж Г.Отгончимэгийн хувьд айлын отгон охин бөгөөд энэ сарын 2-нд хорвоод мэндэлсэн өдөр нь тохиосон аж.
Баяжихын билэгдэл болсон бяцхан охины гэр бүлд Засгийн газрын тогтоолын дагуу хоёр өрөө байр өгөх талаар ярилцаж байгаа гэнэ. Түүнчлэн өнгөрөгч баасан гарагт сумын удирдлагууд охины гэрт зочилж, хүндэт өргөмжлөл гардуулсан байна.
Өүлэн үжиний тав дахь хөвгүүний нэрийг билэгдэн хүүгээ М.Тэмүгэ хэмээн нэрийдэв
Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан Дорнод аймгийн Баян-Уул суманд мэндэлсэн билээ. Тус сумын иргэн А.Солонго бүсгүй гурван сая дахь иргэнээс 1 цаг 38 минутын өмнө амаржиж, хүүтэй болсон юм. Тэрбээр хүүдээ Өүлэн үжиний тав дахь хөвгүүний нэрийг билэгдэж М.Тэмүгэ хэмээх нэр хайрласан хэмээн ярилаа. М.Тэмүгэ хүүд сумын ИТХ-ын дарга Б.Мөнхбаясгалан, сумын Засаг дарга Ж.Дорж, сургуулийн захирал Д.Цэцэгмаа нар хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан дурсгалын зураг татуулсан байна.
Одонгийн хүүхэд
Дархан-Уул аймгийн Дархан суманд Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнаар Х.Алтангэрэл, Х.Жаргалсүрэн нарын охин тодорчээ. Тэрбээр таван хүүхэдтэй айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд хүмүүс түүнийг ээждээ одон дагуулсан буянтай охин хэмээн ярьж байна. Х.Алтангэрэлийн хамгийн том хүү 9 дүгээр ангид суралцдаг гэнэ. Нутгийн удирдлагуудын ярьж буйгаар “Шагнал нүдээ олсон” аж. Охиныг төрөхөөс хэдхэн хоногийн өмнө нутгийн мэргэжилтнүүд энэ айлд очиж, туслалцаа үзүүлжээ. Ийнхүү хэдхэн хоногийн дараа дахин очиж, хүндэтгэл үзүүлсэн аж.
Дорнын говьд долоон чацуутан мэндэлсэн байна
Дорноговь аймагт Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнаар долоон хүүхэд мэндэлсний хамгийн эхнийх нь Х.Монголжин охиноос 2 цаг 27 минутын өмнө төрсөн Н.Намсрай, Л.Бадамцэцэг нарын охин юм. Н.Намсрайн хувьд Дорноговь аймгийн Айраг сумын IV багийн иргэн аж. Нутгийн удирдлагууд аймгийн барилгын компаниудтай ярилцаж, хоёр өрөө байраар шинэ иргэнээ мялаахаар болсон гэнэ. Түүнчлэн өнгөрөгч өдрүүдэд аймгийн Засаг даргын орлогч Б.Төмөрхуяг, Сайншанд, Замын-Үүд, Айраг сумын Засаг дарга нар чацуутан болж мэндэлсэн долоон хүүхдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан байна.
Дуу хуурын өлгийд дахин нэг чацуутан мэндэлжээ
Адуутай айрагтай, дуутай хууртай нутгийн зон олон дахин нэг шинэ иргэнийг тосч авлаа. Одоогоос 27 жилийн өмнө Дундговь аймгаас Монгол Улсын хоёр сая дахь иргэний чацуутан төрж байсан бол энэ удаад Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан мэндэлжээ. Гурван сая дахь иргэний чацуутан Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Э.Цэрэндондов, Н.Цэрэн нарын гэр бүлд мэндэлсэн байна. Залуу гэр бүлд хүндэтгэл үзүүлж, Засгийн газрын тогтоолын дагуу 40 сая төгрөгийн өртөг бүхий нэг өрөө байрыг Мандалговь хотын төвд гардуулахаар болсон талаар нутгийн удирдлагууд өмнө нь мэдээлж байсан юм. Түүнчлэн чацуутантай хамгийн ойр мэндэлсэн есөн хүүхдэд дурсгалын зүйл гардуулах ажээ.
Дашрамд дурдахад, хүүгийн аав, ээж Эрдэнэт хотод суралцдаг оюутнууд аж. Тэд хоёрдугаар дамжаанд суралцдаг байна. Хосууд шинэхэн гишүүнээ дагуулан тун удахгүй нийслэл хотыг зорих гэж байгаа аж.
Өндөр гэгээний ээжийн нэрээр Ханджамц хэмээн нэрлэжээ
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын иргэн Г.Эрдэнэбат, Б.Бямбацэрэн нарын залуу гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан мэндэлсэн юм. Б.Бямбацэрэн бүсгүй нэгдүгээр сарын 24-ний өдөр амаржиж, 2.5 кг жинтэй охинтой болсон байна.
Охины аав, ээж нь 21 настай, аймгийн МСҮТ-ийг 2013 онд төгссөн бөгөөд анхны хүүхдээ өлгийдөн авч байгаа нь энэ юм. Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн охины аав Г.Эрдэнэбат, ээж Б.Бямбацэрэн нарт баяр хүргэж, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиож буй энэ цаг үед Өндөр гэгээний нутгаас Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхэд тодорч байгааг бэлгэшээж, Ханджамц хэмээх нэрийг хайрласан байна. Ханджамц гэдэг нэр нь Өндөр гэгээн Занабазарын ээжийнх нь нэр ажээ. Мөн Э.Ханджамц охин болон түүний гэр бүлд аймагт баригдаж байгаа хамгийн анхны 10 давхар орон сууцанд 2 өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдүгээр сарын 28-ний билэгт сайн өдөр Монгол Улсын гурван сая дахь иргэнийг зарласан билээ.
Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэлсэн бөгөөд Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин юм. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Х.Монголжин охинд 70 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн юм. Түүнчлэн Өмнөговь аймгийн зүгээс шинэхэн иргэндээ хоёр өрөө байр бэлэглэхээ амлаад байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч охины гэр бүлтэй утсаар холбогдож, охинд Х.Монголжин хэмээх нэр хайрласан. Охиныг өмнө нь Х.Сэлэнгэ хэмээн нэрийдсэн байсан ч охины аав Э.Хатанболд Ерөнхийлөгчөөс охиндоо нэр өгөхийг хүссэн ажээ.
Х.Монголжин охинтой чацуутан болж 181 хүүхэд мэндэлсэн бөгөөд тэдний хамгийн эхнийх нь гурван сая дахь иргэн мэндлэх магадлалтай өдрийн 00:00 цагт энэ хорвоод мэндэлсэн байна.
Дашрамд дурдахад, Х.Монголжин охинд зориулсан марк худалдаанд гарсан даруйдаа борлуулагдаж дуусан бол түүнд зориулсан шүлгүүд цахим ертөнцөөр тарсаар байгаа билээ.
Есөн цагаан хоньтой охин
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Э.Эрдэнэбилэг, А.Оюундарь нарын ууган охин болон мэндэлсэн Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутанг танилцуулж байна. Аав, ээждээ аз дагуулж ирсэн бяцхан охинд Баруун-Урт сумын зүгээс есөн цагаан хонь бэлэглэж хүндэтгэл үзүүлжээ.
Охин Х.Монголжин охиноос 8 цаг 23 минутын дараа энэ хорвоод мэндэлсэн байна.
Сэлэнгэ нутгийн хүү Г.Хангарьд
Энэ өдөр Сэлэнгэ аймагт таван хүүхэд мэндэлсэн бөгөөд тэдний нэг Гантогтохын Хангарьд хүү гурван сая дахь иргэний чацуутнаар шалгарсан байна. Тэрбээр Д.Гантогтох, Ш.Долгорсүрэн нарын ууган хүү болж мэндэлсэн бөгөөд нутгийн удирдлагууд тэдний гэр бүлд ямар урамшуулал олгохоо ярилцаж буй ажээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогчийн ярьснаар Засгийн газрын тогтоолын дагуу урамшуулал олгох бөгөөд гэр бүлийн хүсэлтийг харгалзан бэлэн мөнгө, эсвэл байраар шагнах эсэхээ шийдвэрлэх гэнэ. Г.Хангарьд хүүгийн хувьд Монгол Улсын гурван сая дахь иргэнээс 6 цаг 8 минутын дараа энэ хорвоод мэндэлсэн байна.
Дашрамд дурдахад, энэ өдөр Г.Хангарьд хүүтэй чацуутан болж
-Цагааннуур сумын I багийн иргэн Б.Нэргүй, А.Мөнгөнцэцэг нарын гэр бүл
-Сүхбаатар сумын “Хужир нуга”-ын иргэн П.Мягмаржав, Л.Гэрэлт-Од нарын гэр бүл
-Баянгол сумын Хараагийн I багийн иргэн Д.Эрдэнэбат, Т.Үүрцайх нарын гэр бүл
-Алтанбулаг сумын III багийн “Мухар дөхөм”-д оршин суугч Ц.Жаргалсайхан, С.Лхагвабаяр нарын гэр бүлд мэндэлсэн хүүхдүүд багтсан ажээ.
Монгол Улсын иргэн болж төрсөн учраас Монгол нэр өгөөрэй гэжээ
Төв аймгийн гурван сая дахь иргэний чацуутан Х.Хайратхаан, Т.Серикгул нарын гэр бүлд мэндэлжээ. Тус гэр бүлд нутгийнхан нь хоёр өрөө байр гардуулахаар болсон бөгөөд сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ талаар тодруулахаар Угтаалцайдам сумын Засаг даргатай холбогдоход “Удахгүй бид хүндэтгэл үзүүлнэ. Түүний сацуу надад шинэ иргэндээ нэр өгөх хүндхэн үүрэг ногдож байгаа. Аав, ээж нь казах хүмүүс ч гэсэн хүүхэддээ монгол нэр өгч болно гэсэн. Учир нь Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан гэх алдрыг хүртэж байгаа нь нэр төрийн хэрэг гэсэн шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч гурван сая дахь иргэндээ нэр өгсөн бол миний бие нутгийнхаа гурван сая дахь иргэний чацуутанд нэр өгөхөөр боллоо. Билэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал тохиож байна” гэлээ. Гэр бүлийнхэн шинэхэн иргэнээ Улаанбаатар хотод ирж төрүүлээд буцах гэж байхад нь бид цөөн хором уулзаж, ярилцсан юм.
-Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан таны гэр бүлд мэндэлжээ. Баяр хүргэе. Сэтгэгдлээ манай уншигчдад хуваалцана уу?
Х.Хайратхаан: -Би Налайх дүүрэгт төрсөн. Одоо Төв аймгийн Угтаалцайдам суманд амьдардаг. Ахынхаа мал ахуйг хариулж, ахдаа туслаж явдаг. Өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй. Охиноо төрөхөд их баярласан. Бид охинтой болохыг маш их хүсч байсан юм. Өмнө нь бид хоёр хамгийн том охиноо золгүй байдлаар алдсан. Тийм болохоор охин минь буцаад ирлээ гэж маш их баярлаж байлаа. Гэтэл тэр охин маань гурван сая дахь иргэний чацуутнаар тодорсон гэхэд нь итгэж өгөхгүй байсан ч нутгийн удирдлагууд яриад үнэн гэдгийг хэлсэн. Бид одоо нутаг руугаа гарч байна. Сумын удирдлагууд тосч авч, хүндэтгэл үзүүлэхээр хүлээж байгаа.
Т.Серикгул: -Угтаалцайдам сумын эмч нар маань намайг хотод очиж амарж гэж хэлсэн болохоор нийслэлдээ ирж амаржаад буцаж байна. Хүсэн хүлээсэн охин минь төрсөнд маш их баяртай байна. Охин минь гурван сая дахь иргэний чацуутан болсон нь их билэгшээлтэй хэрэг боллоо. Намайг төрөх үеэр гурван сая дахь иргэн мэндэлнэ гэж байсан болохоор дотроо горьдлого тээж л байлаа. Ээж бүрт л тийм бодол байсан байх. Анх телевизийн мэдээнээс нэрээ олж харсан. Тэгээд сумын удирдлагууд утсаар ярихад нь бүр баттай итгэсэн дээ.
Монгол Улсын 2 999 999 дэх иргэн Улаангом хотод мэндэлсэн байна
Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн иргэн Увс аймгийн Улаангом хотноо мэндэлсэн байна. Энэ талаар тодруулахаар аймгийн Засаг даргын орлогчтой холбогдоход тэрбээр “Өө манай 2 999 999 дэх иргэний талаар тодруулах гэж байна уу” гээд их л уриалгахан хариулт өгсөн юм. Увс аймгийн чацуутны хувьд Б.Туулын гэх эмэгтэйн анхны хүү болон мэндэлжээ. Тэрбээр Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжингоос 4 минутын өмнө эхээс мэндэлсэн юм. Нутгийн удирдлагууд тун удахгүй гурван сая дахь иргэний чацуутнаа хэрхэн урамшуулахаа шийдэх ажээ.
Хөдөлмөрийн баатар С.Алтынбах нэр хайрлав
Ховд аймгийн гурван сая дахь иргэний чацуутан Ховд сумын Баянбулаг багийн малчин өрх А.Серик, Х.Телеу нарын гэр бүлд мэндэлсэн юм. Тэрбээр Монгол Улсын гурван сая дахь иргэнээс 2 цаг 6 минутын дараа төржээ. Ховд сумын Засаг дарга Ш.Ерболат, Баянбулаг багийн Засаг дарга Ж.Серикбол Хөдөлмөрийн баатар Д.Харай, ахмад настан Ш.Хамит нар баяр хүргэн хүүд С.Алтынбах хэмээн нэр өгсөн байна. С.Алтынбах хүүгийн ээж Х.Телеу нутгийнхаа хэвлэлийнхэнд “Ямар нэг хүндрэлгүй төрсөн, одоогоор биеийн байдал сайн байна. Миний хүүг эх барьж авсан БОЭТ-ийн эх баригч эмч нарт баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Т.Өлзийбилэгт хүү Оюутны байранд аав, ээжтэйгээ амьдарч байна
Хөвсгөл аймгийн гурван сая дахь иргэний чацуутан Б.Түмэнжаргал, Б.Хажидмаа нарын гэр бүлд ууган хүү болон мэндэлжээ. Амаржсаныхаа дараа Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутны байрандаа ирсэн аав, ээжтэй уулзахаар оюутны хотхоныг бид зорилоо. Биднийг тэдний өрөөнд ороход нэг өрөөг хоёр болгож тусгаарлаад нэг талд нь Б.Түмэнжаргалын гэр бүл, нөгөө талд нь саяхан төрсөн бололтой ээж хүүхдээ хөхүүлж суув. Шинэхэн ашиглалтад орсон оюутны байр шинэхэн иргэдийн цангинасан дуугаар “дүүрэн” байв.
Хүүгийн аав Б.Түмэнжаргалын хувьд нийслэлд суурьшаад 10 гаруй жил болж байгаа гэнэ. Тэрбээр нэгэн компанид цахилгааны инженерийн ажил хийдэг бол Б.Хажидмаагийн хувьд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн VI дамжааны оюутан аж. Тэрбээр нэг өдөржингөө өвдөж байж Т.Өлзийбилэгт хүүгээ төрүүлсэн байна. Өлзийтэй сайхан өдөр мэндэлсэн учраас хүүгээ ийнхүү нэрийдсэн гэж хүүгийн аав Б.Түмэнжаргал бидэнд ярив.
Нутгийн зүгээс шинэхэн иргэндээ ямар урамшуулал олгох талаараа энэ сарын 13-нд болох ИТХ-аараа шийдвэрлэх аж.
Монгол Улсын 2 999 998 дахь иргэн Тэлмэн нутгийнх
Монгол Улсын 2999998 дахь иргэн Завхан аймгийн Тэлмэн суманд мэндэлжээ. Тэрбээр Монгол Улсын гурван сая дахь иргэнээс таван минутын өмнө эх дэлхийдээ мэндэлсэн байна. О.Алтангэрэл, Б.Мянганцэцэг нарын гэр бүлд гурав дахь гишүүн нь болж мэндэлсэн хүүтэй долоон хүүхэд чацуутан болжээ. Тэдний хоёр нь эрэгтэй, тав нь охин юм. Нутгийн удирдлагууд гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлж, Засгийн газрын тогтоолын дагуу урамшуулал олгохоо мэдэгдсэн байна.
Хэнтий аймаг шинэ иргэнээ “Хэрлэн” хорооллын 2 өрөө байраар мялаана
Хэнтий аймгийн харьяат Т.Бадамдорж, Ц.Нямцэцэг нарын гэр бүлд гурван сая дахь иргэний чацуутан мэндэлсэн билээ. Тэрбээр айлын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд түүний аавтай утсаар холбогдоход одоогоор Улаанбаатар хотод амьдарч байна гэж байв. Нутгийн удирдлагуудын зүгээс хүүгийн гэр бүлд аймагтаа ашиглалтад орж буй 10 давхар “Хэрлэн” хорооллын хоёр өрөө байр өгөхөөр болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Тус өдөр хүүтэй чацуутан болж зургаан хүүхэд энэ хорвоод мэндэлжээ. Нэгдүгээр сарын 24-ний өдөр Т.Бадамдоржийн хүүгээс гадна Хэрлэн сумын I багийн иргэн Б.Одбаяр, Г.Нандинцэцэг нарын гэр бүлд охин, Биндэр сумын II багийн иргэн Д.Өлзийбат, Ц.Отгонцэцэг нарын гэр бүлд хүү, Дадал сумын IV багийн иргэн Г.Эрдэнэбат, Б.Алдармаа нарын гэр бүлд охин, Дархан сумын IV багийн иргэн Б.Солонгын гэр бүлд охин, мөн сумын иргэн С.Баярсайхан, С.Сугар-Эрдэнэ нарын гэр бүлд охин мэндэлсэн байна.
Эдгээр иргэдийг алдаршуулах ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-т байгуулан тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Гурван сая дахь иргэнээс 35 минутын дараа мэндэлжээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Г.Баясгалан, Э.Лхагвадулам нарын гэр бүлд гурван сая дахь иргэний чацуутан мэндэлсэн байна. Энэ иргэн Монгол Улсын гурван сая дахь иргэнээс 35 минутын дараа мэндэлсэн юм. Г.Баясгалангийн гэр бүлд Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх, Статистикийн хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс Засаг даргын мэндчилгээг дамжуулан, хүндэтгэл үзүүлсэн байна.
Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнууд | ||
Үзсэн: 8005 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.