![](/uploads/201502/news/thumb/5134b00a1963331b05bd1a4839a09f19_x3.jpg)
Хубилай сэцэн хаан нь Чингис хааны отгон хүү Толуйн хоёрдугаар хөвгүүн болой. Сурвалжид Хубилай сэцэн хааныг гахай жилийн намрын дунд сард төрсөн (1215 оны есдүгээр сарын 23) хэмээн тэмдэглэсэн байдаг. Түүний эх бол Хэрэйд аймгийн Жахахамбу-гийн охин Сохугтани бэхи юм. Эцэг эхээс Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбуха зэрэг ах дүү дөрвүүл мэндэлсэн ажээ. Толуй ноёны хэдэн хөвгүүд нь өвөг эцэг Чингис хааныхаа тааллыг хүртэж, ухаант хатан Сорхугтани бэхи-ийн хатуу сургаалиар холч ухаан, төр засаг эрдэм билэг дор боловсорчээ. Ялангуяа Хубилай өвөг эцгийн тааллыг ихэд хүртэж “Хубилай хүүхэний үг ину ажигтай хаан гарнам бөлгөө. Хотлоор түүний үгээр явагтун. Та бүхнээрээ. Хойно нэгэн цаг дор миний амьд дахь мэт үү. Хотлоог жаргуулахуй яа юун нэр” хэмээн гэрээслэсэн байдаг.
Хубилай бага наснаасаа Хархорумыг сахин сууж, “язгуураас дэлхий дахиныг засахыг сэтгэж, яаман дахь хуучин түшмэд жинрэн, дөрвөн зүгийн бичгийн мэргэдийг олдон дагуулж, төр засахыг асуун бөлгөө.” гэж тэмдэглэсэнчлэн 1251 оноос хойш Мөнх хааны зарлиг хүлээн говийн өмнөхийг засан тохинуулах хүнд үүргийг хүлээн авчээ. Тийнхүү их цэргийг удирдан Юньнань орныг дайлж Дали улсыг мөхөөв. 1258 онд Мөнх хааны хамтаар Сүн улсын Эжү хотыг байлдахаар морилсон байна. 1259 онд Мөнх хаан дайны өмнөд фронтод нас барснаас хойш бүх цэргийг удирдах үүрэг Хубилайд оногдсон. 1260 онд Шанду-Хүрд балгасанд Их Монгол улсын тав дахь хаанаар өргөмжлөгджээ. Үүний дараагаар түүний Аригбуха Хархорумд өөрийг хаан өргөмжилж алтан ургийн дотоодод хаан суурины төлөө тэмцэл өрнөв. Энэ тэмцэл 1260-1264 оны хооронд явагдаж Алигбуха-гийн ялагдлаар дууссанаар төрийн хямрал арилж нэгдсэн Монгол улс Хубилай сэцэн хааны захиргаанд орж Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол улс бадран бэхжих бат бэх суурьтай болсон юм. Тэрбээр хаан суусныхаа дараа өвөг эцэг Чингис хаанаас “эх дэлхий уудам буй, ус мөрөн олон бий, нутгаа өргөтгөн харийг эзлэн” (§255) эзэмшин захирах бодлогыг баримталж 1276 онд өмнөд Сүн улсыг мөхөөж бүх Хятадыг нэгтгэн Уйгур, Түвэд, Дали, Монгол зэрэг олон угсаатны хамарсан хүчирхэг, том эзэнт гүрнийг байгуулжээ. Ийнхүү 1271 онд улсын нэрийг “Их Юань улс”-ыг байгуулжээ. “зурхайт ном”-ын “чиань юань” буюу “тэнгэр мэт их” хэмээх санааг үндэслэж Монголын төр тэнгэрийн доорхыг эзэмшин захирав гэдэг агуу санааг шингээж Монгол улс тэнгэр мэт бат орших давхар санааг багтаажээ.
Хубилай сэцэн хааны талаар түүх сурвалжид олонтаа тэмдэглэн үлджээ. Тухайлбал, гүүш Лувсанданзан “Алтан товч” зохиолдоо “тэр Хубилай сэцэн хаан нь бурсан хуврагуудыг албанаас гаргаад, хоёр ёсыг тэгш зохиож, Чингис хааны төрийг бататган барьснаар, чихтэнээ сэцэн хаан хэмээн олноо алдаршвай” хэмээжээ.
Мөн “Засаг дор туслах нэвтэрхий толийн үргэлжлэл” хэмээх сурвалжид “Хубилай хааны мэдэл ину уудам их, хүнийг шинжиж танихуй дор мэргэн, тушааж хэрэглэхүй дор чанга, төрөлхүй маш элбэрэлтэй бөгөөд өршөөнгүй, баатар сүртэй, үргэлжид их гавьяа байгуулан дэлхий дахиныг хамтатгаж энх амгалан болгов. …мэргэн баатруудаар хүчит дайсныг эрхэндээ оруулж улс нутгаа уудамтган тэлчүхүй. Бичиг цэргийн эрдэмийг хамтдаа хэрэглэж ёслолыг тогтоон хөгжимийг дэлгэрүүлэн иргэдийг амаржуулж, баян элбэг болговой” хэмээжээ.
ХХ зууны Монголын улс төр, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн А.Амар “Монголын товч түүх” хэмээх бүтээлдээ “Чингис хааны үр ач нарын дотор хамгийн сайн оюун ухаантай ба мэргэн бодлоготой нь Хубилай мөн. …Чингис хаан тийнхүү баруун зүгийн улсыг баруун зүгт хол алс захируулан суулгасан нь чухамдаа баруун зүгийн аюулыг баруун зүгт сэргийлсэн ба Хубилай цэцэн хаан улсын нийслэлийг Нанхиад дотор байгуулсан нь Нанхиадын аюулыг Нанхиад дотор сэргийлсэн бөгөөд, чухамдаа жинхэнэ өөрийн Монгол орныг ямар ч аюул хямрал учруулалгүйгээр сахин хамгаалж байсан ажгуу” хэмээн маш оновчтойгоор дүгнэсэн байдаг.
Хубилай сэцэн хаан | ||
Үзсэн: 2871 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.