Шууд Chart

“Байгаль хамгаалагч” сэтгүүлчдийг шагналаа

2010-01-18 21:23:32

     2010 оны нэгдүгээр  сарын 15. Өглөө 9 цагаас хойш Хэвлэлийн Хүрээлэн мэдэгдэхүйц хөл хөдөлгөөнд ороод явчихав. Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубын 2009 оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр тохиож буй учир эл байгууллага ийнхүү олны хөлд дарагдаж буй хэрэг. Нийтдээ 50 орчим гишүүнчлэлтэй тус клубын гишүүн сэтгүүлчдээс гадна хамтарч ажилладаг гадаад, дотоодын байгууллагын ажилтнууд, мөн нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтнууд цуварч ирсээр 11 цаг гэхэд Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төв зочдоор дүүрэв. Энэхүү танхимын хойморт арга хэмжээний агуулгыг бүрнээ илтгэсэн ногоон өнгийн хулдаасан хэвлэл байрлуулжээ. Тайзнаас шал хүрсэн тэрхүү том гэгчийн “бүтээл” дээр “Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб. 2009 оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа” гэж тодоос тод дурайна.

Зочдыг жигдэрсний дараа гоёмсог хослол өмссөн, нүдээрээ инээвхийлсэн бүсгүй гарч ирэв. Клубын гишүүн Э.Ариунцэцэг хэмээн өөрийгөө танилцуулсан эгэл даруухан энэ сэтгүүлч бүсгүйд ёслолын ажиллагааг хөтлөх үүрэг ногджээ. Э.Ариунцэцэг арга хэмжээг нээж үг хэлэхийг Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандахаас хүсэв. Доктор М.Мөнхмандах хэлсэн үгэндээ “Ногоон дэлхий” клубын үйл ажиллагаа албан ёсоор 2009 оны 6 дугаар сараас эхэлснийг дурьдаад, Хэвлэлийн Хүрээлэнгийн санаачилгыг  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, Швейцарийн Хөгжлийн агентлаг, Дэлхийн байгаль хамгаалах сан, Олон улсын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг гадаад, дотоодын байгууллагууд дэмжиж хамтран ажиллаж ирсэнд талархсанаа илэрхийллээ. Мөн үйл ажиллагааны урт хугацааны үр дүн харагдах болоогүй ч “Ногоон дэлхий” клубын гишүүд нийгэмд нэр хүндээ өргөхийн тулд маш их  чармайж ажилласныг зориуд онцлов. Мөн цаашид улам эрч хүчтэй ажиллахыг уриаллаа. Дараа нь ХХ-гийн Ногоон дэлхий клубын зөвлөх, мэдээлэл судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа  клубын өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг тодорхой тайлагнав. Тэрбээр “2009 оны 8-р сараас үйл ажиллагаа нь идэвхжсэн тус клуб өнгөрсөн хугацаанд танхимын сургалт 5, орон нутаг дахь аялалыг мөн 5 удаа зохион байгуулж, олон удаагийн уулзалт зөвлөлгөөн хийж, байгаль орчны тодорхой асуудлаар баримтат нэвтрүүлэг, кино хүртэл бүтээлээ. Мөн гадаадад болсон 3 удаагийн томоохон уулзалт зөвлөлгөөнийг сурвалжлах боломжийг гишүүддээ олгосон. Эдгээр ажлын гол санхүүжүүлэгч нь НҮБХХ байсан бөгөөд нийт санхүүжилтын 65 орчим хувийг гаргасан бол Хэвлэлийн хүрээлэн 15 хувийг, Дэлхийн байгаль хамгаалах сан 13 хувийг гаргаж, сэтгүүлчдийн үйл ажиллагааг дэмжсэн байна” хэмээн клубын хүрээнд хийсэн ажлаа тайлагнасан юм. Мөн тэрээр клубын сэтгүүлчид асуудал дэвшүүлсэн 120 гаруй материал сонинд нийтлүүлж, радиогийн таван нэвтрүүлэг, телевизийн 10 нэвтрүүлэг бэлтгэснийг хүрэлцэн ирсэн зочдод мэдээлэв. Үүний дараа арга хэмжээний хамгийн чухал хэсэг буюу шилдэг бүтээлд шагнал гардуулах ажиллагаа эхэлсэн бөгөөд шилдэг бүтээлийн санд 30 гаруй бүтээл ирснээс эхний шалгаруулалтад 18-н бүтээл  шалгарсныг дуулгалаа. Яг энэ мөчид танхим нам гүм болов. Шилдэг 18 цаанаа л догдлонгуй...

Тусгай байрын шагналыг эко сэдвээр NTV телевизийн сэтгүүлч Д.Мөнхтуяа “Цөлжилт” нэвтрүүлгээрээ хүртэв.  Гуравдугаар байрын эзнээр “Үнэн” сонины сэтгүүлч Д.Элбэрэлт /“Эзэнтэй ба эзэнгүй ус” нийтлэл/ тодров. Аман хүзүү буюу хоёрдугаар байрт “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ө.Батхүү “тоосоо өргөв”. Түүний “Долоон донголын дундахыг самарч уулс уйлж байна” хэмээх “догшин” гарчигтай бүтээл ийнхүү шалгарлаа. Харин тэргүүн байрыг “Цөл үйлдвэрлэгч мал” нийтлэлээрээ “Улс төрийн тойм” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Б.Цогзаяабаатар хүртэж 500,000 төгрөгийн шагналын эзэн боллоо.

Нийтэлсэн: Б.Багабанди

“Байгаль хамгаалагч” сэтгүүлчдийг шагналаа  
Үзсэн: 1575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй