АНУ-ын Сан Диего хотод 75 мянган ам.долларын шагналын сантай “Extreme Memory Tournament” ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны дунд халз явагдах оюуны спортын тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт таван төрлөөр болж, өнгөрсөн сарын 4-нөөс эхлэн таван долоо хоногийн турш явагдаж дүнгээ гаргасан байна.
Урьдчилсан шатны шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрийн ой тогтоолтын шилдэг тамирчид онлайн орчинд оюун ухаанаараа өрсөлджээ. Тус шалгаруулалтад манай улсаас Монголын оюун ухааны академийн есөн тамирчин өрсөлдсөнөөс зургаа нь дэлхийн шилдэг 24-т багтсан байна.
Ийнхүү шилдэг 24-ийн тэмцээнд Ой тогтоолтын Их Мастер С.Цогбадрах, С.Акжол, Э.Пүрэвжав, 2014 оны Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх /төрөлдөө дэлхийн дээд амжилтыг эзэмшигч/, Цээж бодолтын дэлхийн цомын эзэн Т.Мягмарсүрэн, Ой тогтоолтын өсвөрийн ОУ-ын аварга Т.Энхжин /нэг төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч/ нар ийнхүү эх орноо төлөөлөхөөр болжээ.
Тус тэмцээнд Герман улсаас долоон тамирчин, Монгол Улсаас зургаа, Швед, Англиас тус бүр гурав, АНУ, Филиппинээс тус бүр хоёр, Норвеги улсаас нэг тамирчин оролцох эрх авсан байна.
Дэлхийн шилдэг тамирчдын тэмцээн ирэх тавдугаар сарын 2-3-нд АНУ-д болно. Дашрамд дурдахад, урьдчилсан шалгаруулалтын энэхүү тэмцээнд чансаагаараа дээгүүрт ордог манай зарим тамирчин хувийн шалтгаанаар оролцоогүй байна.
Мөн Оюуны спортын Олон улсын шүүгч, Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар багаа ахлан явах ба Х.Хатанбаатар багшийн шавь нар хамгийн сүүлд БНХАУ-ын Хайнань мужид болсон 23 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа хоёрдугаар байрт орсон юм.
Шилдэг ой тогтоогчдын тэмцээнд манайхаас зургаан тамирчин оролцоно | ||
Үзсэн: 1579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.