МҮСБХ-ны Бүх оддын долоо хоног өндөрлөж, тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 4-ний тоглолтын тойм:
"Баянгол Фалконс" vs "СБЛ Хасын хүлэгүүд"-62:68
Энэ жил анх удаагаа зохиогдож буй "Эмэгтэй Үндэсний Супер Лиг"-т легионер тамирчин хүрэлцэн ирлээ. СБЛ Хасын Хүлэгүүд багт ирсэн холбон тоглогч Destiny Mason, өчигдөр лигийн хамгийн хүчирхэг багуудын нэг Баянгол Фалконс багийн эсрэг тоглолтод гарч тоглолоо. Destiny Mason 20 минутыг талбай дээр өнгөрүүлэхдээ долоо оноо, самбараас дөрвөн бөмбөг авлаа.
Фалконсчууд энэ улиралд ШУТИС Шаркс багт Майжаргалын "баззер шот"-оор хожигдож, цорын ганц ялагдлаа амсаад байсан. Өчигдөр болсон тоглолтод тэднээс Ж.Мөнхсувд 24 оноо, 11 самбар, Д.Ганзул 11 оноо, Б.Солонго 8 оноо, 17 самбар авсан.
Гэсэн ч шинэ эрч хүч сэлбэсэн Хүлэгүүд баг энэ өдөр гайхалтай байж чадлаа. Тэднээс багийн лидер Б.Ундрах 26 оноо, таван бөмбөг таслалт, ахлагч Булбул 9 оноо, 10 самбар, Энэрэл 8 оноо, 10 самбар авсан. Улмаар 68:62 харьцаатай Хүлэгүүд ялалт байгуулж, улирлын тав дахь хожлоо авлаа.
Харин Фалконсчууд улирлын хоёр дахь хожигдлоо хүлээж байна. Ингэснээр эдгээр багууд ижилхэн таван хожил, хоёр хожигдолтой болж, эмэгтэй Үндэсний Супер Лигийг тэргүүлж байна.
"Хэнтий Чингис Сити" vs "Их өргөө аравтууд"- 105:93
Эрэгтэй Үндэсний Супер Лигийн сүүл мушгиж байсан "Чингис Сити" баг энэ өдөр Их Өргөө Аравтууд багийн эсрэг тоглолоо. Тоглолтын эхлэлийг Аравтууд баг тун сайн хийж, 15 гаруй оноогоор тэргүүлж эхэлсэн.
Гэсэн ч Супер Лигт амархан баг гэж байхгүй гэдгийг энэ тоглолт харууллаа. Хэнтий Чингис Сити баг бөмбөг болгоны төлөө тэмцэл гарган тоглож, мөн торгуулийн шидэлтүүдээ найдвартай гүйцэтгэж байлаа. Тэднээс Afam Moujeke 29 оноо, 18 самбар, Gabe Moton 23 оноо, 10 самбар, Н.Улаанхүү 19 оноо, 10 самбараар багаа тэргүүллээ.
Харин эсрэгээрээ Аравтуудын торгуулийн шидэлтүүд амжилтгүй болж байсан. Тэд 44 шидэлтээс 24-г нь хийж, 20-г нь алдлаа. Ингэснээр тэдний хожигдлын үндэс нь энэ боллоо. Тэднээс Д.Мөнхтүвшин 22 оноо, Aundre Williams 20 оноо, 20 самбар, С.Батбямба 19 оноо авсан.
Ингэснээр Хэнтий Чингис Сити баг 105:93 харьцаатай хожиж, улирлын дөрөв дэх хожлоо авснаар удаан үргэлжилсэн хожигдлын хар цуврал нь зогслоо.
Харин Их Өргөө Аравтууд баг Ирвэсүүд, Лидер, Чингис Сити гэсэн багуудад гурав дараалсан хожигдол хүлээж, улирлын долоо дахь хожигдлоо амслаа. Ингэснээр багуудын плэй-оффын төлөөх өрсөлдөөн улам ширүүсч байна.
"Сентоза Арслангууд" vs"Гэгээн Хангайн лидер"-101:95
Энэ өдрийн сүүлийн тоглолт аль аль нь Плей-оффын өрсөлдөөнд эргэн ирээд байгаа хүснэгтийн 9 болон 10-р байруудад бичигдэж байсан "Гэгээн хангай Лидер", "Сентоза Арслангууд" багийн хооронд болсон.
Хэрвээ уг тоглолтонд Арслангууд хожил байгуулвал Плей-оффын наймдугаар байрт бичигдэх бол Лидер хожил байгуулсан тохиолдолд адилхан зургаан хожилтой тэмцэж ирэх юм. Улмаар А.Сэсэнжав дасгалжуулагч гарааны бүрэлдэхүүндээ төвийн тоглогч О.Очирбатыг гаргаж тэр нь ч үр дүнгээ өгч тоглолтын төгсгөл үед найман онооны зөрүүг үүсгэж чадсан юм.
Гэхдээ дөрөвдүгээр үеийн төгсгөлийг Арслангууд арай илүү тавьж чадсанаар 101:95-аар долоо дахь хожлоо байгуулсан. Тэднээс хоёр тоглогч Трибль Дабль гэсэн хос үзүүүлэлтийг хийж, супер лигийн нэгэн шинэ амжилтыг тогтоосон.
Холбон тоглогч Chris Lawson 20 оноо 10 самбар 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол хамгаалагч Б.Батзолбоо 13 оноо 12 самбар 10 оновчтой дамжуулалтыг хийсэн байна. Мөн энэ өдөр сэлгээнээс гарч тоглосон Б.Тамжид 24 оноо 5 самбар, Torin Walker 18 оноо 8 самбар О.Нямбар Б.Баатарсүрэн нар тус тус 10 оноо авсан юм.
Харин тун харамсалтай хожигдол хүлээсэн "Гэгээн хангай Лидер" багаас Jonathan Blake 35 оноо 8 самбар авч багаа тэргүүлсэн бол О.Очирбат 21 оноо 10 самбар Э.Дөлгөөн 18 оноо 15 самбар авсан байна.
Ингэснээр "Сентоза Арслангууд" долоон хожил, найман хожигдолтой хүснэгтийн наймдугаар байрт бичигдэж эхэлсэн бол "Гэгээн хангай Лидер" таван хожил, есөн хожигдолтой 10-р байрт хэвээр үлдлээ.
Үндэсний супер лигийн дараагийн тоглолтууд ирэх ням гарагт болох бөгөөд эхний тоглолт "Эрдэнэдрийлинг Ригс" vs "Хан Талстын Ирвэсүүд" багийн хооронд болох бол сүүлийн тоглолт "Дорнод Танан Гарь" vs "Төв ургац" багуудын хооронд болно.
Эмэгтэй супер лигт легионер тоглогч хөл тавилаа | ||
Үзсэн: 1773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.