Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч долоо хоногт нийт иргэдийнхээ дунд “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг явуулах болсон тухайгаа мэдэгдэж байсан. Тэгвэл энэ долоо хоногт тус санал асуулгын дүн гарлаа. Нэгдүгээр сарын 31-ний 10:00 цагаас хоёрдугаар сарын гуравны 22:00 цагийн хооронд үүрэн холбооны бүх операторуудтай хамтран иргэдээс мессежээр саналыг нь авч дүнг нь гаргахад санал өгсөн хүмүүсийн 56.1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн нэгдэх хариултыг сонгожээ. Санал асуулгад нийт 365.841 иргэн оролцсон байна.
УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 10-ны өдөр дуусах байсан ч УИХ-ын дарга З.Энхболд өөрийн эрх мэдлийн хүрээнд чуулганы хуралдааныг хойшлуулж байгаагаа энэ долоо хоногт мэдэгдлээ. Чуулганы хугацааг 14 хоног хүртэл сунгах эрх УИХ-ын даргад байдаг. Намрын чуулганы хаалтыг битүүний хийх юм. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд "Өнөөдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө, түүнчлэн Засгийн газраас санал болгож буй хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс намрын чуулганы хугацааг хоёрдугаар сарын 18 хүртэл сунгаж байна" гэж мэдэгдсэн. Тэрбээр мөн энэ талаар намын бүлгийн дарга нартай ярилцсан гэсэн юм.
MNB.MN сайт 21 аймаг дахь Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутнуудын зургийг эцэг, эхийнх нь зөвшөөрөлтэйгээр анх удаа нийтлэв. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны “Эрх шилжүүлэх тухай” 393 дугаар тогтоолоор “Нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Засгийн газрын энэ шийдвэрийг үндэслэн өөрчлөлт хийснээ нийслэлийн удирдлагууд энэ долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын тус захирамжинд “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор тус тус шийдвэрлэжээ. Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөнө” гэжээ.
Төрийн албаны зөвлөл Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу хоёрдугаар сарын хоёрны өдөр Аж үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Сонгон шалгаруулалтад 36 иргэн бүртгүүлснээс 10 нь шалгалтад тэнцжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.
Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах Баруун Баян-Уулын гудамжинд суух Э-гийн хашаанд эрэгтэй хүний занданшуулсан шарил байхыг цагдаагийн байгууллагынхан илрүүлээд байсан. Энэхүү шарилыг шинжилгээнд оруулж, хэдий үеийн, ямар хүнийх болохыг тогтоох ажлын хэсэг гарч ажилласан юм. Тэгвэл бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэхүү занданшуулсан шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоолоо. Цорж Санжжав нь эдүгээгээс 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан, Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байсан аж.
Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн хүрээнд авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гараг, 8, 15-ны ням гарагт Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авч хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллана. Мөн авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гарагт, авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 8, 15-ны ням гарагт 10.00-20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийгдэнэ.
Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Хоёрдугаар сарын 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төв нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8-наас өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1880 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.