Шууд Chart

Египет орон цус урсгасан хатуу тэмцэлд бэлтгэж байна

2013-08-17 09:45:35

Дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Египетийн Кайр хотод өнгөрсөн Лхагва гарагт  болсон цуст мөргөлдөөний улмаас 580 гаруй хүнь амь үрэгдэж, 4000 орчим гэмтэж шархадсан билээ. Египетийн Эрүүл Мэндийн Яамны мэдээнд дурьдсанаар амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд энгийн ард иргэд, цагдаа хүчний байгууллагын албан хаагчид ч байгаа гэх бөгөөд зарим эх сурвалж 43 цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн хэмээн мэдээлж байна. 
Албан тушаалаасаа зайлуулагдаад буй ерөнхийлөгч Морсиг дэмжигчдийн улс төрийн суулт, цуглааныг хүчээр тараах оролдлого ийнхүү цуст мөргөлдөөн гарахад хүрсэн ба өнөөдөр "Муслимын ахан дүүс" намын удирдагчид 500 гаруй хүний амь үрэгдсэн ч бидний тэмцлийг юу ч зогсоохгүй, үргэлжлүүлэн тэмцэнэ гэсэн байр суурийг илэрхийллээ.
 
Мөн "Муслимын ахан дүүс" намын төлөөлөл өнгөрсөн Баасан гарагт 100 гаруй амь үрэгдэгсдийн цогцсыг Емам хэмээх сүмд авчирч, олон нийтэд харуулсан бөгөөд амь үрэгсдийн тоо 580 -аар тогтохгүй цаашид ч энэ тоо өснө гэдгийг анхааруулж байгаа ажээ. Тус мөргөлдөөнд оролцсон 84  хүн хүн амины хэрэг, сүм дуган галдан шатаасан хэргээр ял сонсохоор болоод байна. Үүссэн нөхцөл байдлыг олон улсын зүгээс эрс буруутгасан байр суурийг илэрхийлж эхлээд байгаа бөгөөд өчигдөр АНУ-ын Төрийн Департментын Сайд Жон Керри мэдэгдэл хийж Египетэд болсон явдлыг "эмгэнэлт" үзэгдэл болсныг дурьдаад энэ нь нөхцөл байдал тогтворжих, ардчиллын замаар замнах Египетийн ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн алхам болсныг онцолсон. АНУ-ын эрх баригчдын зүгээс дараа сард болох АНУ, Египтийн армийн хамтарсан уламжлалт сургуулилтыг цуцлах эсэх тухай яригдаж эхлээд байгаа бол Дани улс тус улсад үзүүлдэг санхүүгийн тусламжийг зогсоох тухай зарлаад байна.
 
Хятад улс талуудыг хүлээцтэй байхыг уриалсан бол Герман, Итали, Франц улсууд Египтээс дээрх улсуудад суугаа Элчин Сайдын яамдуудад хүчирхийллийг зогсоохыг шаардсан шаардах хуудас хүргүүлээд байна. 2011 онд Хосни Мубаракын дэглэмийг халсан хувьсгалаас хойш үзэгдээгүй, тэрхүү цуст мөргөлдөөн гарсны орой тус улсын Дэд Ерөнхийлөгч Мохамед Эль Барадей огцрох тухайгаа зарлан, одоогийн эрх баригчдын зүгээс хийсэн алхамтэй санал нийлэхгүй гээд ганц ч хүний амины төлөө хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Ийнхүү Египетэд 30 жил тогтсон онцгой байдлыг  халж, олон мянган хүний амь насаар бүрэлдэж эхэлээд удаагүй байгаа  ардчилал мөхөх дээрээ тулж, тус улс дахин онцгой байдалд шилжих нь тодорхой боллоо. Египет улсад сүүлийн 2 сарын турш өрнөж буй үйл явдлуудаас үүдэн  АНУ бусад Арабын орнуудад үзүүлдэг хатуу бодлогоо яагаад энэ удаа нуух болов гэдэг асуулт дэлхийн нийтийг гайхшруулж байна.
 
Тус оронд дөнгөж бүрэлдэж эхэлсэн ардчиллыг булшилсан эрх баригчдын цуст аллагын хариуд АНУ ямар үйлдэл хийхийг дэлхийн олон нийт ажиглаж байгаа гэхэд болно. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн Пүрэв гарагт хэвлэлийн хурал зарлаж, Египетийн түр засгийн газрын явуулж буй хүчирхийллийг эрс буруушаагаад, ирэх сард төлөвлөгдөөд байсан тус улстай хамтарсан цэргийн сургуулилтыг цуцалж байгаа тухай зарлан, цаашид ч авч хэрэгжүүлж болох алхмуудыг судалж байгаа тухай мэдэгдээд байна. 
Гэвч АНУ жил бүр тус улсын зэвсэгт хүчинд олгодог 1,3 тэрбум долларын хандив тусламжаа зогсоох эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Учир нь АНУ Египетийн эсрэг хатуурхаж чадахгүй улс төр, эдийн засгийн маш олон хүчин зүйл байдаг нь дэлхий нийтэд тодорхой байдаг. Нэн тэргүүнд АНУ-ын стратегийн гол түнш Израйль улстай гэдсэндээ хөлөө хийлцээд байдаггүй Арабын хоёрхон улс байдаг нь Египет, Иордан улсууд юм.
 
Израйль улсыг хүлээн зөвшөөрснийхөө төлөөсөнд Египет улс жил бүр тэрбум долларыг зэвсэгт хүчин болон иргэний салбарт тусламжаар авдаг нь Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр хүүдэгнэдэг Израйльтай өрсөлдөх ганц орон болдог билээ. Үүний сацуу АНУ-аас Ойрхи Дорнодод нөлөөлөө хадгалж, тус бүс нутгийн хүчний тэнцвэрийг хадгалж  байх гол түшиц нь мөн Египт улс болдог учиртай. Нөгөө талд энх тайван, хүчний тэнцвэрээс гадна Египет улстай сайн түнш байх стратеги, эдийн засгийн маш том учир шалтгаан Америкчуудад бий.
Энэ нь Суэцийн суваг юм. Газрын дундад тэнгис, Арабын тэнгисийг холбодог энэ нарийн суваг Египет улсын мэдэлд байдаг бөгөөд дэлхийн түүхий газрын тосны 4 хувь, нийт далайн тээврийн 8 хувь зөвхөн энэ сувгаар дамжиж байдаг ажээ. Тиймээс Египетийг алдана гэдэг нь АНУ-ын цэрэг техникийг аюулгүй, шуурхай тээвэрлэх замаа алдахаас гадна Америкийн хөрөнгө оруулалт, хувийн компаниудын ч асуудал хөндөгдөх нь гарцаагүй юм. Харин Египетийн одоогийн эрх баригчид Ерөнхийлөгч Обама болон дэлхийн улс орнуудын удирдлагуудын шүүмжлэлийг хүлээж авахгүйгээр өөрийн ашиг сонирхолын үүднээс, жагсаал цуглаан зохион байгуулагч сөрөн хүчин болон тэднийг дэмжигч ард иргэдийн эсрэг улам ч хатуу харгис арга хэмжээнүүдийг авахад бэлэн байгааг хэлэх байна.
 

 

 
Нийтэлсэн: Web admin

Египет орон цус урсгасан хатуу тэмцэлд бэлтгэж байна  
Үзсэн: 3965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-18 02:18
laluin orongoos dor boloh n

Бидэнтэй нэгдээрэй