
МҮОНРТ-ийн өргөн нэвтрүүлэг дамжуулсны төлбөр болгож 1100 төгрөгийн хураамжийг сар бүр иргэдээс авдаг. Өмнө нь МҮОНРТ, “УБЦТС” ХК-тай хамтран зөвхөн гэр хорооллын иргэдээс энэхүү хураамжийг авдаг байсан бол одоо албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны айл өрхүүдээс авахаар болсон байна. Хоёр талын удирдлагууд энэ талаарх гэрээг хэлэлцэж байгаа бөгөөд энэхүү шийдвэр ирэх гуравдугаар сараас албан ёсоор хэрэгжихээр яригдаж байгаа юм.
Өргөн нэвтрүүлгийн хураамжийг цахилгааны төлбөртэй хамт бичдэг болсон нь нэг талаараа айл бүрийн хаалга тогшиж явдаг ажилтнуудын ажлыг хөнгөвчлөхөөс гадна иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй шийдвэрлэж байгаа хэлбэр гэж мэргэжилтнүүд ярьж байна. “УБЦТС” ХК-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Цэнгэлмаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Өргөн нэвтрүүлгийн хураамжийг цахилгааны төлбөртэй хамт бичнэ гэж ярьж байна. Магадгүй иргэд учрыг нь олохгүй байж болох юм. Үүнд тайлбар өгөөч?
-МҮОНРТ-ийн өргөн нэвтрүүлэг дамжуулсны төлбөрийг сар бүр гэр хорооллын иргэдээс, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчдаар дамжуулан хураадаг байсан. Энэ нь нэг талаараа олон байцаагч айл бүрийн хаалга тогшиж, хүндрэл учруулж байна гэх гомдлыг ч дагуулдаг байлаа. Одоо энэ асуудал бүрэн шийдэгдэж иргэд цахилгааны төлбөр дээрээ өргөн нэвтрүүлгийнхээ хураамжийг нэмж төлдөг болж байна. Түүн дээр нэмэгдээд иргэдийн цагийг хэмнэх үүднээс my.tog.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн. Иргэд энэ хаягаар нэвтэрч тогны мөнгөө төлөх боломжтой.
Манай байгууллага МҮОНРТ-ийн өргөн нэвтрүүлгийн хураамжийг хураадаг болоод 4-5 жил болж байна. Өмнө нь зөвхөн гэр хорооллын иргэдээс энэ хураамжийг авдаг байсан бол одоо түүн дээр аж ахуйн нэгж, орон сууцны хэрэглэгчид нэмэгдэж байгаа юм.
Ер нь цахилгаан гэдэг бүх зүйлийн эх үүсвэр. Монгол Улсын бүх иргэн цахилгаан хэрэглэгчид байгаа. Тэд цахилгаанаар дамжуулан телевиз, радиогийн мэдээ, нэвтрүүлгийг хүлээн авдаг. Тийм учраас цахилгаан, телевиз хоёр салшгүй холбоотой. Цахилгаанаар дамжуулан телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг хүлээж авч байгаа гэдэг утгаараа энэхүү хураамжийг төлөх ёстой.
-Хураамжийг хэзээнээс эхлэж авах вэ. Хэрэглэгчидтэй гэрээ хийх үү?
-Хэрэглэгчидтэй хийдэг гэрээн дээрээ үүнийгээ тусгах байх. Одоогоор МҮОНРТ болоод “УБЦТС” ХК-ийн хооронд байгуулагдах гэрээний асуудал яригдаж байна. Гуравдугаар сарын 1-нээс хэрэгжээд явах байх.
Өргөн нэвтрүүлгийн хураамжийг цахилгааны төлбөр дээр нэмж авдаг болно | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.