Шууд Chart

ХААН Банк, ХСҮТ, МҮОНРТ-ийн хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян” гурав дахь жилдээ хэрэгжиж эхэллээ

2013-08-17 18:49:09

ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), МҮОНРТ-ийн хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян” 2011 оноос хойш Монгол орон даяар амжилттай хэрэгжиж, Монгол улс дахь хавдрын эсрэг зохион байгуулалттай, үр дүнтэй, цогц үйл ажиллагаа болон өргөжиж ирлээ. 2011 онд 21 аймаг, нийслэл хотын 9 дүүрэгт, 2012 онд 12 аймагт тус тус хэрэгжиж хавдрын цогц тусламж үйлчилгээ үзүүлсэн тус аяныг 2013 онд хавдрын өвчлөл өндөртэй 8 аймагт үргэлжлүүлэн зохион байгуулахаар хамтрагч талууд гэрээг үзэглэлээ.

Энэ удаа Дорнод, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай-Хархорин, Сэлэнгэ-Зүүнхараа гэсэн 8 аймагт ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олон 2013 оны 8-р сарын 18-аас хуваарийн дагуу ажиллан эрсдэлт бүлгийн иргэдийг үзлэг оношилгоонд хамруулж, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд нарт сургалт зохион байгуулан, орон нутагт яаралтай мэс ажилбар хийж, сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны хүрээнд сэтгүүлчид, уран бүтээлчид, чөлөөт уран бүтээлчдийн дунд “Шилдэг бүтээлийн уралдаан”-ыг энэ онд 3 дахь жилдээ зарлаж байна.

Дөрөв дэх засаглал хэмээгддэг хэвлэл мэдээллийнхний оролцоо болон ХААН Банкны сайн дурын идэвхтэн ажилтнуудын дэмжлэгтэйгээр хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлээс зайлсхийх, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар олон нийтэд ойлголт мэдлэг өгөх нь аяны томоохон бүрэлдэхүүн хэсэг юм.

Нийгмийн сайн сайхан, хүн ардын хавдаргүй эрүүл амьдралын төлөө ХААН Банк Сангаас 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийж, өнгөрсөн 2 жилийн хугацаанд ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Монгол орныг тойрон ажиллаж, эрсдэлт бүлгийн 40.000 гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг, оношлогоонд хамруулан168 яаралтай мэс ажилбарыг газар дээр нь хийж, 480 сувилагч, 2173 эмч, эрүүл мэндийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, ХААН Банкны ажилтнуудаас бүрдсэн сайн дурын идэвхтнүүд 500 байгууллагын 13,600 иргэн, ЕБС-ийн 50,000 сурагчид “хорт хавдрын эрсдэлд хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх” тухай сургалтыг зохион байгуулсан үр дүнтэй байна.

Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 19,3% нь хавдрын урьдал өвчин болоод хоргүй, хортой хавдар гэж оношлогдсон бол 53% нь ямар нэгэн суурь өвчтэй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл үндэсний аяны үр дүнд 7.400 орчим хүн хавдрын эрт шатандаа оношлогдож, цаашид эмчилгээ сувилгаанд хамрагдах бүрэн боломжтой болжээ. “Хавдрын эсрэг үндэсний аян-2013” –ийн эхний баг энэ сарын 18-нд Дорнод-Хэнтий чиглэлд гарахаар бэлтгэлээ хангаж байна.

Нийтэлсэн: Web admin

ХААН Банк, ХСҮТ, МҮОНРТ-ийн хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян” гурав дахь жилдээ хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 2527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ulziinyam Gordoo [103.11.195.xxx] 2013-09-10 10:49
http://hehu2013.blog.gogo.mn/read/entry496008

Бидэнтэй нэгдээрэй