НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2011-2020 онд зам тээврийн ослын улмаас нас баралтыг 50 хүртэл хувиар бууруулах уриалгыг гаргаж, улс үндэстнүүд зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоог бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Манай улсын хувьд 2011 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2875 бүртгэгдэж, зам тээврийн ослын шалтгаанаар 362 хүн нас барж байсан бол 2014 онд 2143 гэмт хэрэг бүртгэгдэж 654 хүн нас барсан нь гэмт хэргийн гаралт буурсан хэдий боловч нас барсан хүний тоо хоср дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь орон нутагт хатуу хучилттай зам ихээр баригдах болсонтой холбоотой юм.
Судалгаанаас харахад хатуу хучилттай зам шинээр тавигдсан аймгуудад нас баралтын тоо 50 хувиас хоёр дахин нэмэгддэг байна. Цаашид бүх аймгуудын төвийг хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд хяналт шалгалтад ажиллах алба хаагч, техник хэрэгслийг нэмэгдүүлэхгүй, шинэ техник технологийг нэвтрүүлэхгүй, одоогийн байгаа түвшиндээ байсан тохиолдолд 2016-2017 онуудад нас баралт 1000 орчим болох төлөвтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл 2011 онд өдөрт нэг хүн зам тээврийн ослоор нас барж байсан бол 2014 онд өдөрт хоёр хүн болж, цаашид өдөрт гурван хүн зам тээврийн ослын шалтгаанаар хорвоог орхино гэсэн үг юм. 2013 онд 38, 2014 онд 48 хүүхэд зам тээврийн ослын шалтгаанаар нас барсныг онцлон тэмдэглэмээр байна.
Зам тээврийн осол гарсан хэлбэрээс харахад нийслэл болон хүн ам төвлөрөл ихтэй сууринд явган зорчигч автомашинд мөргөгдөх, хот хоорондын замд тээврийн хэрэгсэл онхолдож жолооч, зорчигч нар хохирох, хээр хөдөө болон малын бэлчээрт мотоциклын жолооч нар ихэвчлэн нас барж гэмтэж бэртсэн байна.
Зам тээврийн нийт ослын /бага хэмжээний хохиролтойг оруулаад/ 10 гаруйхан хувийг орон нутагт гарсан зам тээврийн осол эзэлж байгаа боловч түүнээс шалтгаалсан ослын улмаас нас барсан хүний тоо 75 хувь, гэмтсэн хүний 50 хувийг орон нутагт гарсан зам тээврийн осол эзэлж байна. Орон нутагт гарсан ослын тоо нийслэлээс ес дахин бага боловч учирч буй хохирол их байна, өөрөөр хэлбэл нас барсан гурван хүн тутмын хоёр, гэмтсэн хоёр хүн тутмын нэг нь орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийн улмаас нас баржээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад зам тээврийн ослын улмаас учрах хохиролыг бууруулахын тулд :
- Хурд хэтрүүлэх зөрчилтэй тэмцэх,
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилтэй тэмцэх
- Хамгаалах малгай, хамгаалах бүсийг хэрэглэж хэвшүүлэх
- Хүүхийн суудлын хэрэглээг дэмжих ажлуудыг зохион байгуулах нь зүйтэй болохыг зөвлөжээ.
Манай улсад авто замыг барихдаа хурд хэмжигч камер, хяналтын пост гэх мэт хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих тогтолцоог хамтатган шийдвэрлэдэггүй, хяналт шалгалтад ажиллах орон тоог нэмэгдүүлдэггүй, авто замын засвар арчлалт муу, хариуцах эзэн тодорхой бус байдаг зэрэг дутагдалтай зүйлс их байна.
Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг дан ганц цагдаагийн байгууллагын үүрэг мэтээр ойлгож замын түгжрэлийг бууруулах, хатуу хучилттай авто замыг нэмж барих, утааг бууруулах бодлогыг түлхүү хэрэглэж ирсэн төрийн алдаатай бодлого байсаар байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулагад цагдаагийн байгууллага нь зөвхөн зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, зөрчлийн тоог бүртгэх чиг үүрэгтэй тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах бусад байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд бүх нийтийн оролцоо чухал | ||
Үзсэн: 3481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.