УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр хуралдсан хуралдааны талаараа мэдээлэл хийлээ. Тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа нийт зургаан асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Харин АН-ын бүлэг өнөө өглөө хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн талаараа мэдэгдсэн юм. АН-ын бүлгийн ийм дүгнэлт гаргасанд гайхаж байна гэдгээ МАНын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэсэн саналыг дахин оруулж ирэх саналтай байгаа гэдгээ тэрбээр мөн хэлсэн юм.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх Хотын татварыг бий болгох болон Хөрөнгийн татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл аж. Дээрх хуулийн төслүүдийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн саналд нэгджээ. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Эдийн засаг хүндрэлтэй үед татвар нэмэх нь зөв зам биш. Хөрөнгийн татварт орон сууцны нэг метр квадрат тутамд ногдох татварыг нэмэгдүүлэх мөн бар, ресторан, хоолны газрын татварыг нэмэгдүүлнэ гэж заасан байна. Өнөөдөр ресторанд хоол идэх хүнгүй болчихоод байхад татвар нэмж байгаа нь аж, ахуйн нэгж байгууллагуудыг татварын дарамтад оруулна” гэсэн юм.
Мөн тус бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхдээ хэд, хэдэн зүйлд анхаарах шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал, Төрийн өмчийг эрх тэгш хуулийн дагуу иргэдийг хохироолгүй хувьчлах ёстой гэдэгт санал нэгдсэн байна.
Дээрхээс гадна Нийгмийн салбарт хувьчлал явуулах тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Энэ нь сургууль, эмнэлэг, соёлын салбаруудыг хувьчилна гэсэн үг. Хэрэв нийгмийн салбарт хувьчлал явуулбал ард түмний нуруун дээр хүнд ачаа очно гэж тус бүлгийн дарга хэллээ. Тэрбээр мөн хэрэв эмнэлгүүдийг хувьчилбал эрүүл мэндийн төлбөр нэмэгдэж, хүмүүс хагалгааны төлбөрөө төлж дийлэхгүй болно. Энэ мэт олон хүндрэл үүсэх магадлалтай учир нийгмийн салбарт хувьчлал явуулах саналыг дэмжихгүй гэдэгт санал нэгджээ.
Түүнчлэн намрын чуулганы сүүлийн долоо хоногт шахагдаж орж ирсэн чухал хуулийн төслүүдийг бүгдийг нь МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ мөн албан ёсоор илэрхийллээ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.