Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан билээ. Үүний дагуу Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлж эдийн засгийн хүндрэлийг сайжруулахаар нийт 70 гаруй ажил төлөвлөгдсөн байгаа аж. Түүнчлэн уг богино болон дунд хугацааны хөтөлбөрт УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн 40 гаруй саналын 27-г тусгасан гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ.
Тэрбээр мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай хөтөлбөрийг дунд болон богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гээд богино хугацаа гэдэг нь Засгийн газрын үлдсэн хугацаа болох 18 сарын хугацаанд хэрэгжүүлэх бол дунд хугацаа гэдэг нь дөрвөн жил гэдгийг гишүүдэд тайлбарлалаа.
Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь намын бүлгүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын дахь АН-ын бүлэг уг тогтоолын төсөлд Засгийн газар болон УИХ-аар баталсан, чиг үүрэг нь давхацсан олон зорилго, үйл ажиллагааг тусгасан байгаа учир дэмжих боломжгүй гэж үзсэн гэдгийг С.Одонтуяа гишүүн хэллээ. Гэхдээ эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилго бол бүх гишүүдэд байгаа гэдгийг онцлосон юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг яаралтай хэлэлцэж шийдэх ёстой хэмээн үзэж буйгаа хэлсэн юм.
Ингээд уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх талаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжлээ. Чуулган маргааш хуралдаж дээрх Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
С.Одонтуяа: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн | ||
Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.