Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцлээ.
Түүнийг 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК АНУ-ын “Painter Law Firm” гэх хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар 17.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж үүнээс 450 орчим сая төгрөгийг нь урьдчилгаа хэлбэрээр олгосон нь татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бус зүйлд зүй бусаар ашиглаж байна хэмээгээд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга, Л.Цог нар огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан юм.
С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлэх үед УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс энэ талаар дахин тодруулах шаардлага байгаа учир УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ажлын тав хоногийн завсарлага авч буйг тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдэгдлээ.
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт энэ үеэр “Би Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авч байгаад туйлын харамсаж байна. Та нар бол хангалттай, гүтгэж доромжиллоо. Өнгөрсөн хоёр өдөр хувь хүнийг гутаах, Засгийн газрын нэр хүндийг гутаах ажлыг хангалттай хийлээ. Би Л.Цог болон Г.Уянга нарыг уучлалт гуйгаад энэ төслөө татаж авах гэж байна гэж ойлгосон. Би бас адилхан сонгогчидтой, аав, ээжтэй хүн. Та нарын доромжлол хэрээс хэтэрч байна. Би Ёс зүйн хороонд, шүүхэд, Үндсэн хуулийн цэцэд хандана. Асуудал ойлгомжтой байхад үүнийг судална гэж байхгүй З.Баянсэлэнгэ дарга аа. Төрийн ажил яаж явдаг талаар холбогдох бүх материалыг наана чинь өгчихсөн байгаа. Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Хөгжлийн банк гээд холбогдох бүх байгууллагуудын бичиг баримт байгаа. Та нар судлах шаардлагатай гэж байгаа бол асуудлаа татаж ав. Тэгээд энэ зээлтэй холбоотой материалуудаа судла. Өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарчихсан зүйл" хэмээсэн юм.
Хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан тохиолдолд тав хоногийн дотор шийдэх ёстой байдаг. Гэтэл эвслийн бүлэг ийнхүү завсарлага авч байгаа нь энэ төслийг хэлэлцэх боломжгүй болгож байна гэдгийг энэ үеэр байнгын хорооны дарга А.Бакей хэллээ.
Ийнхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлыг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хэлэлцэхийг хойшлууллаа. Дашрамд дурдахад, УИХ-ын нэгдсэн чуулган энэ сарын 18-ны өдөр хаалтаа хийх юм.
С.Баярцогт: Би Ёс зүйн хороо, Шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандана | ||
Үзсэн: 1437 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.