Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдлоо. Учир нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Аливаа асуудал, хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө намын бүлгүүд болон эвсэл байр сууриа нэгтгэж ярилцдаг байх ёстой. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай асуудалд манай эвслийн бүлгийн гишүүд тодорхой мэдээлэлгүй байгаа учир тав хоногийн завсарлага авч байна” хэмээн мэдэгдсэн юм.
Харин эвслийн бүлгийн дэд даргыг ийнхүү завсарлага авсанд УИХ-ын гишүүн Су.Батболд “Сүүлийн үед Эвслийн бүлэг саяхан орноосоо босч ирсэн юм шиг чуулган юм уу, байнгын хорооны хуралдаан дээр орж ирээд л чөлөө авлаа гэх юм. Чуулган завсарлах гэж байхад ингэж олон удаа чөлөө аваад байвал хэлэлцэх асуудлууд нь багтах юм уу. Гэнэтхэн гудамжинд явж байгаад л ороод ирсэн юм шиг завсарлага авахыг нь хэд хэдэн удаа харж байна. Ингээд л чөлөө авлаа гээд чуулганы хуралдаанаа сунжруулаад байх юм” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн. Энэ талаар тус байнгын хорооны дарга А.Бакей “Долоо хоног бүрийн төгсгөлд байнгын хороод хэлэлцэх асуудлаа нэгтгэж, дарааллыг нь гаргадаг. Мөн долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг. Тэгэхээр танай эвслийн бүлэг ямар ч мэдээлэлгүй байна гэж байхгүй” гэсэн юм.
Түүнчлэн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон Л.Цог нар СЕХ-г улс төрийн хараат бус байгууллага болгохын тулд гишүүдийг нь эртхэн сонгож үйл ажиллагааг нь жигдрүүлэх мөн СЕХ-ны гишүүдийг улс төрийн намын харьяат бус байлгах талаар хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй зэрэг саналууд гаргаж байсан ч УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Ийнхүү УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан хоёр асуудалд завсарлага авснаар байнгын хорооны гишүүд ямар ч асуудал хэлэлцэлгүй тарлаа.
Су.Батболд: Эвслийн бүлгийнхэн саяхан орноосоо босч ирсэн юм шиг л байх юм | ||
Үзсэн: 1626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.