Шууд Chart

17.5 тэрбум төгрөг С.Баярцогтод хамаатай юу

2015-02-11 09:17:36

Өнгөрөгч нэгдүгээр сард 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэх үед Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 789 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн байдаг. Харин үүний 17.5 тэрбум төгрөгийг нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК АНУ-ын “Painter Law Firm” гэх хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар тусгасан бөгөөд үүний 455 сая төгрөгийг нь өнгөрөгч 2014 онд шилжүүлсэн талаарх жагсаалтын төсөл олны анхаарлыг татаж эхэлсэн.

Дээрх бичиг баримтууд ил болсон даруйд УИХ дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар эдийн засаг хүндрэлтэй нөхцөл байдалд орсон гэж үзээд улсын төсвийг танаж байхад “Эрдэнэс Оюутолгой” компани Монголын ард түмний эзэмшиж буй 34 хувийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй байж 17 тэрбум төгрөгөөр Америкийн компаниас хууль зүйн зөвлөгөө авахаар төсөвт оруулж ирж байна хэмээн эсэргүүцэж байсан билээ. Улмаар энэ талаар Ерөнхий сайдаас тайлбар авахаар шаардлага хүргүүлж байсан юм.
 
Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Г.Уянга “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн хуулийн зөвлөгөө авахаар төсөвт тусгасан “Painter Law Firm” гэх хуулийн фирм нь гэр бүлийн хоёрхон гишүүнтэй хэмээн зарлаж, ийнхүү татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бус зүйлд зүй бусаар ашиглаж байна гээд үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан юм.
 
УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн С.Баярцогтыг огцруулах дээрх саналд Г.Уянга гишүүнээс гадна Л.Цог, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар мөн гарын үсэг зурсан. Хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг ажлын тав хоногт хэлэлцэх ёстой байдаг тул өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж түүнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Гэвч энэ үеэр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлж бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ асуудлаар тав хоногийн чөлөө авч буйгаа мэдэгдсэнээр асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон. Тэрбээр энэ талаараа “С.Баярцогтыг огцруулах асуудалтай холбоотой үнэн худлаа маш олон мэдээлэл гарч байна. Тиймээс бүлэг энэ асуудлыг сайтар судлах шаардлагатай байна” хэмээсэн.
 
 
Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өөрийг нь гүтгэж байна хэмээж байгаа бөгөөд дээрх 17.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал бол өмнөх Шинэчлэлийн Засгийн газрын үед хийгдсэн асуудал хэмээн тайлбарлаж байгаа. Тэрбээр мөн өчигдөр хуралдсан байнгын хорооны хуралдааны үеэр асуудлаа татаж авахыг шаардаж буйгаа Г.Уянга болон Л.Цог нарын гишүүдэд хэлсэн юм. Тодруулбал, “Би Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авч байгаад туйлын харамсаж байна. Та нар бол хангалттай, гүтгэж доромжиллоо. Өнгөрсөн хоёр өдөр хувь хүнийг гутаах, Засгийн газрын нэр  хүндийг гутаах ажлыг хангалттай хийлээ. Би Л.Цог болон Г.Уянга нарыг уучлалт гуйгаад энэ төслөө татаж авах гэж байна гэж ойлгосон. Би бас адилхан сонгогчидтой, аав, ээжтэй хүн. Та нарын доромжлол хэрээс хэтэрч байна.  Би Ёс зүйн хороонд, шүүхэд, Үндсэн хуулийн цэцэд хандана. Асуудал ойлгомжтой байхад үүнийг судална гэж байхгүй З.Баянсэлэнгэ дарга аа. Төрийн ажил яаж явдаг талаар холбогдох бүх материалыг наана чинь өгчихсөн байгаа. Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Хөгжлийн банк гээд холбогдох бүх байгууллагуудын бичиг баримт байгаа. Та нар судлах шаардлагатай гэж байгаа бол асуудлаа татаж ав. Тэгээд энэ зээлтэй холбоотой материалуудаа судла. Өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарчихсан зүйл” хэмээсэн юм.
 
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Уянга болон Л.Цог нарыг ямар ч үндэслэлгүй, худлаа мэдээлэл дээр тулгуурлаж өөрийг нь огцруулах санал гаргасан гэж үзэж энэ асуудлыг сайтар судлахыг мөн шаардсан. Харин энэ бүх асуудлын дараа Г.Уянга гишүүнээс уг асуудлыг сайтар судалсан эсэх, мөн огцруулах саналаа эргүүлэн татаж авах эсэх талаар тодруулахад “Асуудал шийдэгдтэл илүү тайлбар өгөхгүй, бидэнд дахиад нэмж тодруулах зүйлүүд байна” гэсэн тайлбар хийв.
 
Хоёрдугаар сарын 10-ны өдрийн байнгын хорооны хуралдаанаас эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан учир хугацаа нь хоёрдугаар сарын 17-нд дуусна. Харин УИХ-ын нэгдсэн чуулган хоёрдугаар сарын 18-нд хаалтаа хийнэ. Тэгэхээр С.Баярцогттой холбоотой 17.5 тэрбумын хэрэг энэ намрын чуулганаар хэлэлцэгдэхгүй нь тодорхой болж байна. 
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт үнэхээр АНУ-ын нэг хуулийн фирмээс 17.5 тэрбум төгрөгөөр хуулийн зөвлөгөө авахаар төсөвт тусгуулсан уу эсвэл өмнөх Засгийн газрын үед хийгдсэн зүйл үү гэдэг нь ирэх хаврын чуулганы үед л шийдэгдэх бололтой.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

17.5 тэрбум төгрөг С.Баярцогтод хамаатай юу  
Үзсэн: 2972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-02-11 09:55
баярцогтоо болиоч ээ сайханбилэг та хоёрыг ард түмэн мэднээ харж байгаа ш дээ Баярцогтоо чамд ичих булчирхай байна уу новшоо чи үүүнийгэээ өөрийнхөө арьс болон эхнэр хүүхдийнхээ арьсаар мэдэрнээ гайгүй бурхан гэж нэг юм байгаачи арай бурханыг худалдаж авч болно гэж бодоод байгаа юм биш биз дээ тэнэгээ....................

Бидэнтэй нэгдээрэй