Шууд Chart

МУИС-ийн оюутнуудаас шилжин суралцсаны төлбөр авахыг хууль зөрчсөн гэж үзжээ

2015-02-11 12:13:03

Өнгөрөгч 2014 онд Монгол Улсын Их Сургууль оюутнуудаасаа хууль зөрчин шилжин суралцсан оюутнаас шилжилтийн төлбөр авдаг талаарх яриа гарч ШӨХТГ-аас шалгалт явуулж байсан билээ. Уг шалгалтаар Монгол Улсын их сургуулийн захирал оюутан шилжүүлэн суралцуулах журам батлах болон шилжилтийн төлбөр тогтоох тухай тушаалуудыг гаргаж, 2013-2014 оны хичээлийн жилд 241 оюутнаас хууль бусаар 347.182.000 төгрөг хураан авсан болох нь тогтоогдож улмаар уг зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байдаг. Гэвч МУИС-ийн зүгээс уг шаардлагыг эсэргүүцэн ШӨХТГ-ын улсын байцаагч хууль бус шийдвэр гаргалаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан юм.

МУИС-ийн нэхэмжлэлтэй дээрх хэргийг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шилжин суралцах хүсэлт гаргасан нэг оюутанаас гурван  сая төгрөг хүртлэх төгрөг авч байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Харин ШӨХТГ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж давж заалдах гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлын дагуу уг захиргааны хэргийг өнгөрөгч нэгдүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
 
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзсэн бөгөөд МУИС-ын захирлын тушаалаар баталсан оюутан шилжүүлэн суралцуулах журмын төлбөртэй холбоотой хэсэг, шилжилтийн төлбөр тогтоох захирлын тушаалыг бүхэлд нь хүчингүй болгохыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус хууль тогтоомжид нийцсэн гэж хэвээр үлдээжээ. Харин 241 оюутнаас хууль бусаар авсан 347.182.000 төгрөгийг буцаан олгохыг шаардсан нь ШӨХТГ-ын бүрэн эрхэд хамаарахгүй тул хохирсон оюутнууд өөрсдөө нэхэмжлэх боломжтой гэж дүгнэсэн байна. Ингэснээр МУИС-ын оюутнууд шилжин суралцахад нэмэлт төлбөр төлөхгүй болсон гэдгийг өнөөдөр ШӨХТГ-аас мэдэгдлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

МУИС-ийн оюутнуудаас шилжин суралцсаны төлбөр авахыг хууль зөрчсөн гэж үзжээ  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй