Шууд Chart

Ашигт малтмалын тухай хуульд завсарлага авлаа

2015-02-11 14:49:44

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг энэ сарын зургааны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12, 6.1.1-д заасны дагуу ашигт малтмалын 15 ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулан баталсан. Стратегийн ач холбогдол бүхий уг ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5-д заасны дагуу тухай ордыг ашиглах гэрээгээр тодорхойлохоор хуульчлагдсан байна. Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэт зэрэг ордуудаас харахад улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудад төрийн зүгээс хувь эзэмшиж оролцох, улмаар тухайн компанийн менежментэд оролцоо багатайгаар төлөөллөө хэрэгжүүлэх, ногдол ашиг хүртэх нь санхүүгийн талаас өндөр өртөг, эрсдэлтэй, хяналт тавьж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдлууд гардаг байна.

Иймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос төрийн хүртэх үр өгөөжийг аль болох тодорхой бөгөөд урт хугацаанд тогтвортой байлгах, төрийн хүртэх үр өгөөжийг өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх үүднээс төрийн эзэмшлийн хувь эзэмшил, түүнд хүртэх үр өгөөжийг орлуулах хувилбарыг судлах шаардлага тулгарч байгаа аж. Энэ үүднээс тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоох нь өнөөгийн нөхцөлд төсөвт орлого төвлөрүүлэх хамгийн боломжит хувилбар гэж Засгийн газар тооцсон байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү хуулийн төслийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах, эсхүл тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах сонголт хийх эрх нээлттэй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын техник эдийн засгийн үндэслэл, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалт, ордын нөөцийн болон борлуулалтын орлогын хэмжээ зэргийг харгалзан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх яриа хэлэлцээний үр дүнд Засгийн газраас тусгайлан тогтоох юм байна.
 
Энэ үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашигтай дүйцэх үр өгөөжийг хөрөнгө оруулагч талтай тохиролцсон тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах асуудлыг зохицуулах зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, С.Оюун, Ц.Баярсайхан, Д.Сарангэрэл, Г.Уянга нар хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Асуулт асууж тодруулсан гишүүдийн ихэнх нь энэ төсөл Оюутолгойн төрийн эзэмжшлийн 34 хувийг нөөц ашигласны төлбөрөөр солих зорилго агуулсан, татварын хувь хэмжээг Засгийн газар тусгайлан тогтоохоор тусгасан нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байгаа, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн агуулгатай байна гэх зэргээр эргэлзэж буйгаа илэрхийлж байв. Харин Засгийн газрын гишүүн С.Баярцогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хууль эргэж үйлчилдэггүй учраас одоо гэрээний үндсэн дээр хэрэгжиж байгаа стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ энэ хуулийн төслөөр хөндөгдөхгүй. Оюутолгойн ордын хувьд төр 34 хувийг эзэмшихээр УИХ шийдвэрээ гаргачихсан, түүнийг сольж өөрчлөх тухай асуудал байхгүй. Тавантолгойн тухайд ч УИХ 39 дүгээр тогтоол гаргасан. Харин энэ хуулийн төслөөр цаашдаа стратегийн ордод төр яаж оролцохыг тодорхой болгох гэж байгаа юм. Энд хууль зөрчсөн зүйл байхгүй, сонголт хийх боломж олгохыг гол зорилго болгож байгаа юм гэдгийг хэллээ. Мөн Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн гишүүдийн зарим асуултад нэмэлт тодруулга өгсөн юм.
 
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд саналаа хэлэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ улс орны эрх шиг, эдийн засагтай холбоотой энэ төслийг бүлэг дээрээ ярилцаад нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ашигт малтмалын тухай хуульд завсарлага авлаа  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй