![](/uploads/201502/news/thumb/8e902ed4284f938412a16f42667a1f1e_x3.jpg)
Монголын хөлбөмбөгийн холбооноос (МХБХ) өнөөдөр үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Тус хуралд МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүх, Монголын Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монголын Үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор нэгдүгээр сарын 16-наас бэлтгэлдээ гарсан. Өчигдөр Малайзын нийслэл Куала Лампур хотод явагдсан сугалаагаар манай үндэсний шигшээ баг Зүүн Тиморын улстай энэ оны гуравдугаар сарын 12-нд эхний тоглолтоо хийхээр болсон. Харин хариу тоглолтоо энэ сарын 17-нд эх орондоо хийх юм.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний нийслэл лиг-2014” тэмцээний ялагч, "Хоромхон" клубийн дасгалжуулагч, АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх томилогдсон бөгөөд тэрээр урьдчилсан байдлаар Монголын клубүүдээс шилдэг 35 тамирчныг шигшээ багт дуудан бэлтгэл хийлгэн сонгон шалгаруулалт явуулсан. Харин өнөөдөр Монголын Үндэсний шигшээ багт тоглох үндсэн 23 тамирчныг зарлалаа.
Монголын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Супер цом-2014” тэмцээний аварга, "Эрчим" клубын дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй Д.Батнасан томилогдсон.
Катар улсад 2016 онд аваргаа шалгаруулах Азийн хөлбөмбөгийн холбооны U-23 хүртэлх насны тэмцээний урьдчилсан шатны тоглолтод манай улсын Залуучуудын шигшээ баг J хэсэгт тааран энэ оны гуравдугаар сарын 23-31-ний хооронд Хятад улсад тоглохоор болсон.
Гэвч тодорхойгүй шалтгаанаар Хятад улс тэмцээн зохион байгуулах эрхээсээ татгалзсан тул J хэсгийн тоглолт аль улсад болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. АХБХ-ноос энэ сарын 12-ныг хүртэл тэмцээн зохион байгуулах хүсэлтэй орнуудын саналыг хүлээж авах бөгөөд хэрэв тус тоглолтыг эх орондоо зохион байгуулах улс тодроогүй тохиолдолд АХБХ-ноос дундын бүс буюу neutral zone бүхий улсад зохион байгуулна.
Залуучуудын шигшээ багт урьдчилсан байдлаар 40 шилдэг тамирчин дуудагдан нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн бэлтгэлдээ гарсан. Үүнээс Монголын Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах 23 тамирчныг өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр зарлалаа.
Үндэсний шигшээ багийн хөлбөмбөгчдийг зарлалаа | ||
Үзсэн: 1206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.