Энэ сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд 786.6 мянган мал хорогдоод байна гэж ОБЕГ-аас мэдээлэв. Дөнгөж өмнөх өдөр нь 705 мянга орчим мал хорогдсон гэсэн мэдээ гарсан бол ганц хоногт энэ тоо 80 мянгаар нэмэгдэх нь тэр. Баян-Өлгийд харын зуд нүүрлэх дээрээ хүрээд байгаа бол Дорнодын талд мөн ийм аюул тохиолдож мэдэхээр болжээ.
Олон хоног үргэлжилсэн хүйтрэл гамшгийн хэмжээнд хүрсэн эсэхийг тодорхойлохоор Засгийн газрын даалгавраар баруун аймгуудад ОБЕГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэд өнөөдөр тав дахь аймагтаа буюу Баян-Өлгийд ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн цагийн байдалтай газар дээр нь танилцаад, Өвөрхангай, Баянхонгорт хүйтний эрч 40 градусаас давж хүйтэрсэн ч хараахан гамшиг болоогүй гэж үзсэн бол Ховд, Говь-Алтай аймагт зуд гамшгийн хэмжээнд хүрчээ гэж дүгнэсэн байна.
Нийт 18 сумтай Говь-Алтай аймгийн 11-д нь өвөлжилт хүндэрч, одоогоор 92 мянган толгой мал хорогдоод байгаа аж. Тэдгээрээс Жаргалан, Халиун суманд өвөлжилт онцгой хүндрээд байгаа бөгөөд орон нутгийн чанартай зам, даваа цасанд хаагдсанаас малчид эмнэлгийн тусламж авахад бэрх болсон тухай тус аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн ярьж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр тус аймагт 300 тн өвс, 200 тн тэжээл хүргэсэн нь хаанаа ч хүрэлцэхгүй байгаа бөгөөд малчид ядаж эх малаа авч үлдэхийн төлөө чармайж байгаа ч мал олноороо цасанд дарагдаж үхэж байгаа аж.
Тэгвэл Ховдын хязгаарт цасны зузаан уулархаг газартаа нэг метр гарч, олон тооны мал хашаанаасаа гарах аргагүй болсны дээр 60 гаруй сууринтай холбоо тогтооход бэрх байгаа нь цагийн байдал гамшгийн хэмжээнд хүрснийг харуулж байна.
Ховд, Говь-Алтайд зуд гамшгийн хэмжээнд хүрснийг тогтоожээ | ||
Үзсэн: 1581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.