Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг цаашид чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж өнгөрөгч 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсныг Төсвийн байнгын хороо өнгөрсөн нэгдүгээр сарын хуралдаанаараа хэлэлцэх явцад өрийн таазыг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор зарим саналыг нэмж тусгахаар Засгийн газар татаж аваад байсан юм. Харин үүний дараа энэ сарын зургааны өдөр дахин өргөн барьснаар ийнхүү байнгын хороогоор хэлэлцэж буй юм.
Өнөөгийн манай эдийн засагт өрийн зохистой түвшинг хангах замаар арилжааны нөхцөлтэй зээллэгийн эргэн төлөлтөөс үүсэх төлбөрийн дарамтыг бага байлгах, төсөв, санхүүгийн урт хугацааны тэнцвэрт байдлыг хадгалахын тулд өрийн удирдлагын бодлого, стратеги, түүнд нийцсэн өрийн үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулж батлуулах талаарх хууль эрх зүйн орчныг бий болгох, гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг тодорхой хэмжээнд дэмжихийн зэрэгцээ, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдгээрийн зохимжит түвшин, харьцааг хадгалах замаар улс орноо хөгжүүлэх зэрэг шаардлагууд тулгамдаад байгаа гэдгийг энэ үеэр салбарын сайд онцолж байсан юм.
Үүнээс гадна хууль зүйн үндэслэл, практик шаардлагад тулгуурлан Өрийн удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн суурь нөхцөл, тулгамдаж буй асуудлыг судлан тодорхойлж, олон улсын байгууллагын зөвлөмж, бусад улс орны өрийн удирдлагад баримталдаг зарчим, хөгжлийн туршлага, хууль зүйн орчныг харьцуулан судлах замаар өр үүсгэхээс эргэн төлөх, түүнд хяналт тавих хүртэлх Монгол Улсын онцлогт тохирсон хууль, эрх зүйн нэгдсэн бодлого зохицуулалтыг бий болгох зорилго тавин ажиллажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Өрийн удирдлагын тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ | ||
Үзсэн: 968 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.