Шууд Chart

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг чуулганаар хэлэлцэнэ

2015-02-13 13:25:16

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын үед үр дүнтэй олон уулзалт хийж, зорилгоо бүрэн хэрэгжүүлсэн хэдий ч Монгол Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь хамгийн том ололт байсан гэдгийг Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдээд байгаа.

Үүний дагуу өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Монгол, Японы хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд  өнгөрөгч 2010 онд хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон юм. Хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2010 онд хоёр талын хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж, хоёр талын сонирхол, харьцангуй давуу тал болон хэлэлцээрийн хамрах хүрээ, салбаруудыг тодорхойлсон байдаг.
 
"Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр" байгуулах асуудлаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг, шинжээчдийн багийг томилсон байна. Уг Ажлын хэсэг, шинжээчдийн багт холбогдох яам, агентлагийн нийт 100 гаруй албан тушаалтан, мэргэжилтэн 2012 оноос эхлэн гурван жил орчим хугацаанд долоон үе шатны хэлэлцээг Японы талтай хийсэн байна.

Хэлэлцээрийн хүрээнд барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуйн арга хэмжээ, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь хүний шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлаар хэлэлцээ хийх ажээ.
 
УИХ-ыд өргөн барьсны дагуу дээрх хэлэлцээрийн төслийг өнөө өглөө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн 100 хувийн саналаар уг хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн юм. Байнгын хорооноос гарсан дээрх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлснээр эцэслэн шийднэ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг чуулганаар хэлэлцэнэ  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй