Шууд Chart

С.Одонтуяа нарын гишүүд шинэ хууль санаачилжээ

2015-02-13 14:38:05

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан зэрэг нэр бүхий найман гишүүн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулжээ.

Шинээр боловсруулсан хуулийн төслийн талаараа С.Одонтуяа гишүүн “Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлын нэг бол тусламж үйлчилгээний чанар болон үр ашгийг дээшлүүлэх явдал юм. Улс орон хөгжих тусам эмнэлгийн тусламжийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, өртөг нь өндөр болохын хирээр эрүүл мэндийн, ялангуяа эмнэлгийн салбарт нөөцийг үр ашигтай зарцуулах шаардлага улам ихээр тавигдана. Монгол улсад эмнэлгийг шүтсэн хуучин Зөвлөлт загварын эрүүл мэндийн тогтолцоо ноёрхож байсан бол 1990-ээд оны эхээр зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор анхан шатны болон амбулаторийн тусламжид илүү анхаарах болсон. Гэсэн хэдий ч өнөөгийн улсын эмнэлгүүдийн зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо яг хэвээрээ, үр ашиггүй байдал эмнэлэгт өндөр байна. Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн хөшүүрэг, урамшуулал дутмаг байгаагаас олон хүн гадаад оронд эмчлүүлэхээр явж, хүнд өвчин туссаны улмаас айл өрх ядууралд нэрвэгдэх байдал улам ихэсч байна” хэмээн тайлбарласан юм.
 
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэхийн тулд тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, улсын эмнэлгийн одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж, үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу тэдгээр эмнэлэгийн санхүүгийн нөөцийг үр ашигтай ашиглах менежмент, удирдлагын арга барилыг хөхүүлэн дэмжсэн хууль эрх зүйн шинэ орчин, харилцааг бий болгох шаардлагатай байгаа гэдгийг онцоллоо.
 
Гишүүд өөрсдийн санаачилсан хуулийн төслөө өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан бөгөөд энэ үеэрээ эмнэлгийн байгууллагуудын ажлын гүйцэтгэлийг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог сайжруулах зэрэг чухал бодлогын асуудлуудыг хууль, эрх зүйн хувьд шийдвэрлэх хэрэгцээ байгаа гэдгийг хэлж байлаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Одонтуяа нарын гишүүд шинэ хууль санаачилжээ  
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй