Шууд Chart

Эвслийн бүлэг дахин завсарлага авлаа

2015-02-13 16:02:32

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хийсэнгүй. Учир нь хуралдааны эхэнд УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Л.Цог дээрх хуулийн төслүүдээр эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэн юм. Эвслийн бүлэг ийнхүү завсарлага авч буйгаа бүлэг дээр дээрх хуулийн төслүүдийг сайтар нягталж, ярилцах шаардлагатай болсон хэмээн тайлбарлалаа.

Дээрх хуулийн төслүүдээс гадна энэ долоо хоногт байнгын хороод дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудал болон Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудал эвслийн бүлэг мөн завсарлага авсан. Энэ талаар тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Баяр наадам дөхсөн, чуулган завсарлах болсон үед дандаа ингэж олон чухал хуулийн төслүүдийг яаравчлан баталдаг. Тиймээс энэ удаад эвслийн бүлэг хуулийн төслүүд дээр сайтар ажиллах үүднээс завсарлага авч байна” хэмээн мэдэгдсэн юм.
 
Дээрх хуулийн төслүүдээр завсарлага авсны дараа чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байсангүй. Ингээд байнгын хорооны саналаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулсныг 50,76 хувийн саналаар, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 76,5 хувийн саналаар, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”  тогтоолын төслийг 82 хувийн саналаар дэмжиж тус тус баталлаа.
 
Чуулганы хуралдаан  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжитлж байна. Уг тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногийн эхэнд холбогдох байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эвслийн бүлэг дахин завсарлага авлаа  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй