Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-02-14 08:41:56

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үед үр дүнтэй олон уулзалт хийж, зорилгоо бүрэн хэрэгжүүлсэн хэдий ч Монгол Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь хамгийн том ололт байсан гэдгийг Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдээд байна. Тэрээр айлчлалаас ирсэн даруйдаа “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээг ЭНДЭЭС  уншина уу.


Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран "Автобусны зогсоол" нэгдсэн арга хэмжээг хоёрдугаар сарын 2-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "в" заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасаж захиргааны арга хэмжээ тооцож эхэлжээ. Иймд Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг нийт жолооч нарт анхааруулж байна.


Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинэ дөхөж буйтай холбогдуулан буузныхаа доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг сануулав. МХЕГ-ын төв лаборторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай гэх дүн гарчээ. Гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг аж. 


Энэ долоо хоногоос Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) цахим бүртгэл эхэллээ. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжилнэ. Өнгөрсөн жилээс ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Тус шалгалтын бүртгэл энэ долоо хоногоос ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ онд төгссөн шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулан авах бол өмнөх онд төгссөн шалгуулагчид зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой юм. Энэ жилийн ЭЕШ-ын эхний шалгалт ирэх сарын 21-нд, дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулах юм байна. ЕБС төгсөгчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ өгөх эрхтэй болох юм. Монгол хэл бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан тохиолдолд дахин шалгалт өгнө. Дашрамд дурдахад, ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800, батламж карт 700 төгрөгийн үнэтэй. Бүртгэлийн хугацаа хангалттай учраас нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.


Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан БОНХАЖЯ-наас уул, овоо, хангай дэлхийдээ зөв зохистой хүндэтгэл үзүүлэхийг уриалж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  уншаарай.



Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд хоёрдугаар сарын 11-26-ны өдөр хүртэл ажлын 10 хоногт багтаан харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд “Орчлон” хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн Соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах юм. Мөн зарлагдсан таван байршлын нэгж талбар бүхий эргэлтийн цэг тэмдэг газарт бэхлэх, акт үйлдэн баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудыг сонгон шалгарууллаа.


Өнөөдөр нутгийн төв хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна. Маргааш нутгийн зүүн хагаст, 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна   
Үзсэн: 1779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй