Тэмцээний аваргууд ДАШТ-д өрсөлдөнө
Монголын ширээний теннисийн холбооны Үндэсний дээд лигийн IХ тэмцээн нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 15-ны хооронд “Оч” клубт болж өндөрлөлөө. Ганцаарчилсан төрлөөр явагдсан лигийн тэмцээнд эрэгтэй 40, эмэгтэй 18 тамирчин гурван шатанд өрсөлдсөн юм.
Мөн энэ удаагийн УАШТ-ий нэг онцлог нь өнгөрсөн онд манай улсад ажилласан Хойд Солонгос дасгалжуулагч Чү Ен Хогийн ур чадвар тамирчдад хэрхэн үр өгөөжөө өгснийг харуулсан тэмцээн боллоо. Учир нь "Энэ удаагийн лигийн тоглолт өрсөлдөөн дүүрэн болж, залуу тамирчид эцсийн дүнд түрүүлсэн нь гаднын дасгалжуулагчийн сургуулилт үр дүнтэй байсныг харууллаа" гэж зохион байгуулагчид дүгнэж байна.
Ингээд шилдэг найман теннисчин хоёр тойрог өрсөлдөж, нийлбэр дүнгээр аваргуудыг тодруулав. Эрэгтэйчүүдийн ангилалд 2014 оны улсын аварга, спортын мастер Б.Билэгт тэргүүлсэн бол 2002, 2004 оны улсын аварга ОУХМ Я.Бэгз, 2005, 2013 оны улсын аварга, ОУХМ Э.Лхагвасүрэн нар удааллаа.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд 16 настай, спортын дэд мастер Б.Должинзуу олон шилдэг тамирчдыг хожиж, түрүүлсэн бол улсын зургаан удаагийн аварга ОУХМ Б.Батхишиг, өсвөрийн улсын аварга, 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт М.Дэлгэрмаа нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Ийнхүү медалийн тавцанд зогссон тамирчдын хувьд 2015 оны ДАШТ-д оролцох эрхийг авч байна.
Энэ удаагийн лигийн тэмцээний гол дуулианы эзэн бол залуу тамирчин Б.Должинзуу. БНХАУ-д бага насаа өнгөрүүлж, тэнд амьдарч байхдаа ширээний теннисийн спортоор хичээллэж эхэлсэн Б.Должинзуугийн хувьд хоёр жилийн өмнө эх орондоо иржээ. Энэ хугацаанд тэрээр 2011 онд Хүүхдийн наадмаас алтан медаль хүртэж, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга цолыг хүртжээ. Өнгөрсөн оны насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль хүртсэн тэрээр 2015 оны хоёрдугаар сарын дэлхийн чансаанд 422-т бичигдэж байна.
Анхдугаар “Хөгжлийн лиг” тэмцээний аваргаар "Цесна" баг тодорлоо
Монголын ширээний теннисийн холбоо, "Шинэ эргэлт” клуб хамтран хоёрдугаар сарын 1-15-ны хооронд анхдугаар “Хөгжлийн лиг” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд “Үлэмж Гросрес”, "Олонлог", “Өег”, “Мон-Лаа”, Spinless, Dio, “Эрдэнэдрийлэнг”, "Цесна", "NewSpin", "Бласт" зэрэг 10 байгууллагын баг оролцсон юм.
"Хөгжлийн лиг"-т 18-аас доош насны нэг, 18-аас дээш насны 3 нийт 4 тамирчны бүрэлдэхүүнтэй эрэгтэй 10 баг өрсөлдсөнөөс хагас шигшээд дөрвөн баг шалгарсан. 10 багийн 40 гаруй тамирчин дунд ОУХМ Т.Энхтөр, спортын мастер Л.Баярмагнай нарын шилдэг тоглогч багтсан юм. Мөн лигийн тэмцээний хамгийн ахмад тамирчин спортын мастер Мөнхсайхан /Олонлог клуб/, хамгийн залуу 11 настай спортын III зэрэгтэй Э.Оргил /Spinless клуб/ нар өрсөлдсөн байна.
Ингээд дүн гарахад “Цесна” баг тэргүүлсэн бол “Мон Лаа”, “New Spin” багууд удаалав. Ганцаарчилсан төрлөөр шилдэг тоглогчоор ОУХМ Т.Энхтөр шалгарчээ.
Тэмцээний дүнг танилцуулъя:
I байр: "ЦЕСНА" баг, цом, 1.200.000 төг
II байр: "МОН ЛАА” баг, 800.000 төг
III байр: "NEW SPIN" баг, 500.000 төг
Ганцаарчилсан ангилалд:
I байр: ОУХМ Т.Энхтөр (Дио баг)
II байр: О.Хүслэн (Newspin баг)
III байр: Л.Баярмагнай (Newspin баг)
IV байр: П.Билэгжаргал (Цесна баг) тус тус шалгарчээ.
Цаашид энэхүү Хөгжлийн лигийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна. Ширээний теннисчдийн хувьд ирэх гуравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно.
Ширээний теннисийн улсын аваргууд тодров | ||
Үзсэн: 1514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.