Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлд, 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан юм.
Нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад тус байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, олонхийн дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал гаргах гишүүн байгаагүй тул санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
Дараа нь Засгийн газраас энэ сарын зургааны өдөр өргөн мэдүүлсэн “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүн дээрх хуулийн төслийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр гараагүй байгаа тул ажлын хэсэг хуралдах боломжгүй болоод байна. Иймээс МАН-ын бүлгийн шийдвэрийг гартал уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаа тухай хурал даргалагчид хэлэв. Тус байнгын хорооны дарга Б.Болор хуралдаан хойшлуулах саналыг хүлээн авч энэ удаагийн хуралдааныг өндөрлүүллээ.
Өрийн удирдлагын тухай хуульд МАН-ын бүлэг шийдвэр гаргаагүй байна гэв | ||
Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.