Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтжээ.
Тус конвенцид газрын тос, байгалийн хий олборлохоос бусад төрлийн ил болон далд уурхайн үйл ажиллагаа хамаарахаас гадна уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг тодорхойлох суурь баримт бичиг юм. Мөн осол гэмтлийг мэдээлэх, тайлагнах, судлах, шалтгааныг олж илрүүлэх үндэсний мэдээллийн сантай болох нөхцөлийг бүрдүүлж, уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн доод хэм хэмжээг тогтоон, төр, ажил олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхойлжээ. 176 дугаар конвенци 1998 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд 2013 оны байдлаар АНУ, ХБНГУ, Өмнөд Африкийн БНУ, Австри, Бразил зэрэг нийт 26 орон нэгдээд байна.
МХЕГ-аас гаргасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн судалгаагаар сүүлийн зургаан жилийн хугацаанд 510 хүн үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс 155 нь нас барж, 49 хүн тахир дутуу болжээ. Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагаас 83.4 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаарч байна. Иймээс уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалтыг эргэн харж, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээн үзжээ.
Үйлдвэрлэлийн ослоор 155 хүн нас баржээ | ||
Үзсэн: 1188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.