Энэ сарын зургааны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-д “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан билээ.
Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн бол өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийж ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Тодруулбал, тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Түүнчлэн төслийн “Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах” гэсэн хэсэгт Төмрийн хүдрийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэх ажлыг 2015 оны хоёрдугаар хагасаас эхлүүлэх гэсэн саналыг нэр бүхий гишүүд гаргасныг дэмжсэн юм. Энэ арга хэмжээг эхлүүлснээр 2016 оноос жил бүр 10 сая тонноос доошгүй экспортыг хийнэ гэж тооцсон байна.
Үүнээс гадна төсөлд эдийн засгийн хямралд хамгийн их өртөж байгаа ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгах саналыг МАН-ын бүлгийн гишүүдээс гаргасан нь олонхийн дэмжлэг авсан байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэх гэсэн санал олонхийн дэмжлэг авлаа. Эгийн голын усан цахилгаан станц төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж дууссан хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлсэн бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэхэд 810 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан ажээ.
Гишүүд ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Эгийн голын усан цахилгаан станц төсөлд 810 сая ам.доллар шаардлагатай | ||
Үзсэн: 1204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.