Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болох санал гарсны дагуу энэ сары зургааны өдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан билээ.
Харин өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж дээрх тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан. Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна хэмээн сайд хэллээ.
Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтгүй байсан нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа аж. Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан энэхүү баримт бичгийн төслийг боловсруулсан байна. Бодлогын баримт бичгийн төсөлд мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн, судлаачид болон яамдын саналыг тусгажээ. Бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгааг сайд онцолсон.
Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж тооцож буй аж. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлэх юм байна.
Сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг чуулганаар хэлэлцэнэ | ||
Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.