Шууд Chart

Шүүгчдийн цалинг УИХ-аас тогтоож байх санал гаргав

2015-02-17 15:31:14

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж Шүүгчийн албан тушаалын цалин хангамж болон холбогдох бусад асуудлын талаар авах зарим хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг төсөлд “Бүх шатны шүүхийн шүүгчийн үндсэн цалинг тогтоохдоо шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг бүрэн утгаар нь бүрдүүлэх, шүүхийн хүний нөөцийн бодлогыг дэмжих, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгийн этгээдийн нөлөөллийг бий болгохоос урьдчилан сэргийлэх зорилгоор бусад орнуудын үндэсний дундаж цалинг 2-7 дахин нэмэгдүүлж олгодог туршлагыг өөрийн орны улсын төсвийн өнөөгийн бодит байдалтай нийцүүлэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13,8-15,8 дахин нэмэгдүүлэхээр тусгана” гэсэн заалт байгаа юм. Үүнтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүн Х.Тэмүүжин Цалингийн хэмжээг ингэж хөдөлгөөнтэй байдлаар бичих хэрэг байна уу. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төр биш, гурван тал хэлэлцэж байгаад үе үе шинэчлэн тогтоодог. Шүүгчийн цалин хөлсөнд огт хамаагүйгээр жил бүр хөдөлгөөн гарна, энэ нь төсвийн бодлогод ч нөлөөтэй гэсэн үг. Тиймээс төрд огт хамаагүй, том эрсдэлтэй, тогтвортой бус зүйлтэй шүүгчийн цалинг уялдуулах хэрэггүй” гэсэн саналыг хэлсэн юм.
 
Шүүгчийн цалин хөлсний асуудалтай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд олон янзын байр суурь илэрхийлсний дотор Ж.Батзандан гишүүн шүүгчийн цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах нь муу хувилбар биш гэсэн бодолтой байсан бол Ц.Нямдорж гишүүн “Шүүгчийн цалин хөлсийг өнөөгийн түвшнээс нь буулгахгүй гэцгээж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор баталсан хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрч болохгүй. Монголд ганцхан шүүгч нар байгаа бус, төрийн бусад албан хаагчдыг ялгаварлан гадуурхаж болохгүй. Цалинг нь нэмсээр байхад шуналтай нэг хэсэг нь авдгаа авсаар л байх болно. Би үүнийг шүүхэд дургүйдээ хэлж байгаа бус цалингийн хэмжээг тогтоох арга замд нь дургүйцэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж болохгүй, УИХ-ын 54-р тогтоолын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. “Монголд зөвхөн шүүгч нар шударга ажилла” гэж хэлж байгаа мэт логик гарч байна. УИХ-ын тогтоол хүчинтэй байгааг мэдсээр байж Шүүхийн ерөнхий зөвлөл ингэж дураар авирлаж байгаа бол хууль бусаар нэмсэн цалинг нь шүүгчдээс эргүүлэн суутгаж ч болно” гэж хэлсэн юм.
 
Гишүүд энэ асуудлыг нэлээд удаан хэлэлцсэний эцэст бүх шатны шүүхийн шүүгчийн цалинг УИХ-аас хуулиар тогтооно, тэгэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй бус төрийн өндөр албан тушаалтнуудын цалин хөлстэй харьцуулан тогтооно, тодорхой хэмжээний нэмэгдэл байж болох бөгөөд шүүгчдийн эрх зүйн байдлыг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр шийдвэрлэе гэсэн зарчмын хэд хэдэн байр суурин дээр санал нэгдэж, уг асуудлыг хаврын чуулганаар нухацтай хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Шүүгчдийн цалинг УИХ-аас тогтоож байх санал гаргав  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй