УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр үдээс хойш хуралдаж Засгийн газраас энэ сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Японы хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улс, Япон Улсын хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцжээ. Хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2010 онд хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж, хоёр талын сонирхол, харьцангуй давуу тал болон хэлэлцээрийн хамрах хүрээ, салбаруудыг тодорхойлсон байна. Энэхүү хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, шинжээчдийн баг 2012 оноос эхлэн гурван жил орчим хугацаанд долоон үе шатны хэлэлцээг Японы талтай хийжээ.
Үүний үр дүнд японы талтай тохирсон хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2015 оны нэгдүгээр сарын долооны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсад ажлын айлчлах үеэр "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичиг юм. Уг хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар хэрэгжүүлэх хэлэлцээрийг Засгийн газар батлах юм байна.
Хэлэлцээрийн хүрээнд талууд 2012 оны статистикийг суурь мэдээлэл болгон ашиглаж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн олон улсын жишгийн дагуу тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцжээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Р.Амаржаргал, Д.Ганхуяг, Ё.Отгонбаяр, Д.Сумъяабазар, Ц.Оюунбаатар нар асуулт асууж тодруулсан юм. Энэхүү хэлэлцээр нь манай улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, экспортын таатай нөхцөл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг асуулт асууж тодруулсан гишүүд онцолж байв.
Гишүүдийн асуултад ажлын хэсгээс өгсөн хариултаас үзэхэд, манай улс 2012 онд дэлхийн 150 орчим оронтой 11.1 тэрбум ам.долларын худалдаа хийснээс Япон Улстай хийж буй худалдааны эргэлтийн хэмжээ 525 орчим сая ам.доллар (японы статистикийн мэдээгээр) байгаа нь манай нийт худалдааны эргэлтийн 4.7 хувийг эзэлж байгаа аж. Манай улсаас Японд экспортолсон барааны 90 орчим хувийг ямааны ноолуур, ноолууран эдлэл, жонш, коксжсон нүүрс зэрэг бараа эзэлдэг бол Японоос импортолсон барааны 70 орчим хувийг автомашин, тоног төхөөрөмж бүрдүүлдэг байна. Ажлын хэсгийн тооцоогоор хэлэлцээр байгуулагдсан эхний жилд улсын төсвийн орлого 9.8 сая ам.доллараар буурах хэдий ч нөгөө талаас Японы хөрөнгө оруулалт нэмэгдэж, хоёр орны худалдааны эргэлт өсөх бололцоо бүрдэх юм байна.
Ингээд байнгын хорооны саналаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улсын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 49 нь буюу 92.5 хувь нь дэмжлээ.
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг баталлаа | ||
Үзсэн: 1247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.