Шууд Chart

Г.Батхүү: Фракцаас ялгаатай нь санаачилга хэн нэгнийхээ эрх ашгийн төлөө үйлчлэхгүй

2015-02-18 14:01:11

Ардчилсан нам дотор Ардчилсан хувьсгалын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий МоАН санаачилга байгуулагдаад байгаа билээ. Тус санаачилгад одоогоор УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Ш.Түвдэндорж нар нэгдээд байгаа юм.

Шинээр байгуулагдсан санаачилгын талаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс дараах тодруулгыг авлаа.
 
-Ардчилсан намд шинээр байгуулагдаж буй фракц бусад фракцаас юугаараа ялгаатай вэ?
-Фракц биш санаачилга. Учир нь ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Ардчилсан нам болон Монголын төрийг ардчилсан зарчмаар улс орноо удирддаг, Монголын иргэд ардчилсан нийгэмд амьдрах тэр бололцоо боломжийг бүрдүүлэхийн төлөө 1990 онд ялсан Ардчилсан хувьсгалын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, нийгэмд сурталчлах, тэр зарчмаар бүх шийдвэрүүд гардаг байхад бид туслалцаа дэмжлэг үзүүлж, нөлөөллийг хийдэг байхын тулд санаачилга байгуулсан. Санаачилга бол ямар нэг фракц шиг хэн нэгнийгээ дарга, сайд болгохын төлөө ч юм уу, хэн нэгнийхээ эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллага биш. Бид мөн тодорхойлсон зарчмууд дээрээ нэгдээд, түүн дээр нэгдэж байгаа ямар ч хүмүүсийг элсэн орох боломжийг нээж байгаа.
 
-Намын гишүүдийн дэмжлэгийг хэр авч байгаа вэ?
-Намын удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, ҮЗХ-ны гишүүд, УИХ-ын гишүүдийн зүгээс дэмжлэг авч байгаа. Бид Ардчилсан нам фракцгүй байх нь зүйтэй гэсэн саналыг нэлээд эрт дэвшүүлж, хэд хэдэн гишүүдэд санал тавьсан боловч фракцгүй болох асуудалд олон хүн нэгдэж чадахгүй байгаа юм. Тийм учраас фракцийг өөрчилж чадах зарчим дээр нэгдэж байгаа юм.
 
-Бас нэг асуулт байна. Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг сонинд өгсөн ярилцлагадаа АТГ нам, бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж үйлчилдэг гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. АТГ-ын үйл ажиллагаа нь үнэхээр улс төрийн нөлөөлөлд автсан юм уу. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-АТГ ямар нэг хууль бус үйлдэл хийж байгаа бол УИХ энэ байгууллагыг томилдог учраас өөрсдөө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Хэрэв УИХ-ын харьяа байгууллага ямар нэг хуулийн хүрээний бус үйлдэл хийж байгаа бол их хурал үүнийг нь засах ёстой. Яг өнөөдрийн нөхцөлд бол АТГ ингээд хууль бус үйлдэл хийлээ гэж УИХ ч юм уу, түүнээс гарсан ажлын хэсэг ч юм уу тогтоогоогүй байна. Шаардлагатай гэвэл бид энэ ажлыг зохион байгуулна. Тусгай хяналтын дэд хорооны даргын хувьд энэ асуудалд нэлээд анхаарч ажиллана.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Батхүү: Фракцаас ялгаатай нь санаачилга хэн нэгнийхээ эрх ашгийн төлөө үйлчлэхгүй  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй