Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Төрийн өндөрлөгүүд айлчлан ирж буй жилд төр, түмэн нь төвшин амгалан, улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй байхыг бэлгэдэн Төрийн ордноо цагаан сарын золголт хийлээ.
Энэ хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөө, Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд дараалан хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн очиж золголт хийснээс гадна азай буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.
Харин төгсгөлд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З. Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хэвлэл мэдээллээр дамжуулан Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид гучин бумуулаа боллоо
-Та бүхнийхээ түмэн амгаланг айлтгая. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Энэ жил сайхан өнтэй жил гарч байна. Өвгөн жил маань улирч өнтэй жил ирж байна. Энэ жилийн өвөл хаа сайгүй сайхан боллоо. Монгол түмэн маань бүл нэмж бид бүгдээрээ гучин бумуулаа, гурван саяуулаа боллоо. Энэ сайхан мэдээг морин жил, хонин жилийн уулзах сайхан мөчид дуулж хотол олноороо баярлалаа. Монгол түмний минь амны хишиг өөдрөг сайхан байлаа. Тариа ногоо, газар дэлхий маань бидэнд үр өгөөжөө хайрлалаа. Олон сайхан бүтээн байгуулалтууд бий болж улс орон маань өнгөтэй өөдтэй сайхан байна. Ингээд гарч буй хонин жил монгол түмэнд минь буян хишгээ хайрлаж, Монгол түмний минь буян заяа өөдрөг, аз хийморь нь улам дээшээ байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Бүгдээрээ болох бүтэхээс нь эхлэн бие биенээ дэмжиж, урагшаа хөгжин дэвшье. Та бүхэнд сар шинийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ын дарга З.Энхболд: Монголчууд биднийг бүтээн байгуулалтын ажил хүлээж байна
-Монголын ард түмэн хамгийн олон мянган тонн буудай хурааж, хамгийн олон мал тоолуулж, олуулаа болж гурван сая дахь иргэнээ өлгийдөж авсан сайхан жил байлаа. Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ирж байгаа хонин жил монголчууд биднийг бүтээн байгуулалтын ажил хүлээж байна. УИХ эдийн засгийн хүндрэлийг даван туулахаас эхлээд олон чухал хуулиудыг батлан гаргалаа. Эдгээр хуулиудын амьдралд хэрэгжих үе энэ хонин жил байх болно. Та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эв эетэй байж хамтдаа ихийг хийж бүтээцгээе
-Сайхан жил гарч байна. Монголын ард түмэн маань хонь жилээ их бэлгэддэг. Хонь жилдээ эд мөнгө их хурааж, эд баялаг их бүтээдэг гэж ард түмэн маань ярьдаг. Амны билгээс ашдын билэг гэж ч хэлэлцдэг. Ингээд 17 дугаар жарны модон хонь жилдээ айл өрх бүрийн хойморт идээ ундаатай байж, эд мал арвижиж, хамгийн гол нь Монголчууд маань гарч байгаа энэ сайхан жилдээ хоорондоо эв эетэй, эв нэгдэлтэй байж ихийг хамтдаа бүтээхийн өлзийтэй сайхан ерөөлийг бүх Монголчууддаа өргөн дэвшүүлж байна. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй.
Төрийн өндөрлөгүүд ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүллээ | ||
Үзсэн: 1596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.