![](/uploads/201502/news/thumb/9b67f6ac5ac8cd68194279958a05de1a_x3.jpg)
Энэ сарын 15-21-ний хооронд "Dubai Duty Free Tennis Championships" мэргэжлийн теннисчдийн тэмцээн боллоо. Хоёр сая 513 мянган ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Румыний Симона Халеп түрүүлж, Чехийн Каролина Плискова дэд байрт шалгарчээ.
Тэмцээний финалын тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон бөгөөд Симона өрсөлдөгчөө 6:4, 7:6-ын харьцаагаар хожжээ. Тэрээр тус тэмцээнд түрүүлснээр Олон улсын эмэгтэй теннисчдийн холбооны (WTA) арав дахь түрүүгээ хүртлээ.
"Dubai Duty Free Tennis Championships" тэмцээнийг дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нар өнжсөн бөгөөд дэлхийн чансааны топ арван теннисчнээс долоо нь оролцсон юм.
Симона Халеп тус тэмцээнд түрүүлснээр 456 мянган ам.доллар хүртэж, чансааны 900 оноог хүртсэн юм. Дэд аварга Чехийн Каролина Плискова гуравдугаар тойрогт Сербийн Ана Иванович, шөвгийн наймд нутгийн теннисчин Чехийн Сафароваг улмаар хагас шигшээд Испанийн Мугурузаг хожиж, шигшээд шалгарсан юм.
Тэмцээнд 17-т эрэмбэлэгдэн тоглосон Плискова тус тэмцээний дэд аваргаар шалгарснаар 227 мянган ам.доллар хүртэж, 585 оноог чансаандаа нэмэрлэлээ.
Симона Халеп WTA-гийн арав дахь түрүүгээ хүртлээ | ||
Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.