“Босоо хөх Монгол” ТББ болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүд хамтарч Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх тухай хуулийн төслийг эсэргүүцэж Ноён уулаа аврахаар өлсгөлөн зарласан билээ. Тэд нийтдээ 13 хоногийн турш өлсгөлөн зарласан бөгөөд эхлээд нойтон өлсгөлөн зарлаж байсан ч өөрсдийнх нь төрийн өндөрлөгүүдэд илгээсэн хүсэлтийг хүлээн авч ямар нэг хариу ирүүлээгүй учраас хуурай өлсгөлөнд шилжихээ мэдэгдээд байсан юм.
Харин урд шөнө буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр дээрх өлсгөлөн зарлаж буй иргэдийг албадан эмчлэх шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаас гаргасан юм. Тодруулбал, өлсгөлөн зарлаж байсан "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүн долоон иргэнийг эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулсан гэдгийг дөнгөж сая ЦЕГ-аас мэдэгдлээ.
Өлсгөлөн зарлаж байсан долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Чингэлтэй дүүргийн Засаг дарга ийн захирамж гаргаж өлсгөлөнг зогсоож, оролцогчдыг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан гэдгийг энэ үеэр хэлж байлаа. Иргэд өлсгөлөн зарлагчдыг тараахын тулд шөнийн цагаар цагдаагийн алба хаагчдыг ашигласан хэмээн дургүйцэж байсан хэдий ч дүүргийн Засаг даргын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн хэв журам сахиулан аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтад ажилласан хэмээсэн юм.
Түүнчлэн өлсгөлөн зарлаж буй иргэдэд албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг танилцуулахад иргэд өөрсдөө сайн дураараа эмнэлгийн байгууллагад очсон бөгөөд "Босоо хөх Монгол" ТББ-ын гишүүд өлсгөлөн зарлаж буй газарт барьсан гэрээ өөрсдөө буулгаж авч явсан. Түүнчлэн уг арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага, өлсгөлөн зарлаж буй иргэд болон тэднийг дэмжигч иргэдийн хооронд ямар нэгэн үл ойлголцол, зөрчил гараагүй хэмээн ЦЕГ-аас мэдэгдлээ.
Өлсгөлөн зарлагчид өөрсдөө гэрээ буулгаж, эмнэлэгт очсон гэв | ||
Үзсэн: 1513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.