![](/uploads/201502/news/thumb/1c1566a9d1132488ee6fb049eb932820_x3.jpg)
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн II тойргийн шийдвэрлэх тоглолтууд өчигдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Спортын төв ордонд эхэллээ. Ингээд өчигдөр болсон тоглолтын мэдээллээс хүргэж байна.
Эмэгтэй лигт "Дорноговь таван дохио" хожлоо ахиуллаа
Үндэсний супер лигт эмэгтэй таван баг өрсөлдөж байна. Энэ өдрийн ээлжит тоглолт “ШУТИС Шаркс Дорноговь”, “Таван дохио” багуудын хооронд боллоо. Хоёр багийн хувьд адил хоёр хожилтой байсан бөгөөд тоглолтыг 74:64-өөр “Таван дохио” баг хожиж, улирлын гурав дахь хожлоо байгууллаа. Харин Шарксууд зургаан хожигдолтой болж, хүснэгтийн сүүлд бичигдсэн хэвээр үлдлээ.
Энэ өдөр “ШУТИС Шаркс” багаас П.Болортуяа 23 оноо 4 самбар, Э.Цэрэнлхам 15 оноо 21 самбар, М.Майжаргал 12 оноо 6 самбар авсан ч хожил байгуулхад хараахан хангалтгүй байсан юм. Харин дараалан хожигдол хүлээгээд байсан “Спрайт” лигийн дэд аварга “Таван дохио” багаас 6 тоглолт нь 10+ гэсэн амжилтыг үзүүлэн багаараа энэ удаад тун нягт тоглолтыг гаргалаа. Тэднээс А.Долгор 15 оноо, Э.Шинэ-Од 13 оноо 6 самбар, Г.Энхдэлгэр 13 оноо 15 самбар авч тэргүүлсэн юм. “Таван дохио” баг II тойргийн дараагийн тоглолтоо SBL Хасын Хүлэгүүд багийн эсрэг хийх юм. Харин “ШУТИС Шаркс” ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр Хүлэгүүдийн эсрэг тоглоно.
“Дундговь Альянс Харцага”, “Мон-Алтиус Мадимос Шонхорууд" хожлоо
Үндэсний супер лигийн эрэгтэй багуудын хувьд II тойргийн шийдвэрлэх тоглолтууд эхлээд байна. Нийт 11 баг өрсөлдөж байгаагаас багуудад одоо 2-3 тоглолт үлдээд байна. Эндээс найман баг плей-оффт өрсөлдөх юм. Энэ өдрийн эхний тоглолт “Дундговь Альянс Харцага”- “Хан талстын Ирвэсүүд” багуудын хооронд болсон. “Хан талстын Ирвэсүүд” есөн хожил, найман хүснэгтийн IV байрт, “Дундговь Альянс Харцага” багийн хувьд найман хожил, найман хожигдолтой VII байрт бичигдэж байсан. Аль аль багуудын хувьд чухал тоглолт учраас өрсөлдөөнтэй боллоо. Ингээд тоглолтыг 101:96-аар Харцагууд хожсон юм. Ингээд “Дундговь Альянс Харцага” VII байрт бичигдсэн хэвээр үлдсэн бол “Хан талстын Ирвэсүүд” нэг байр ухарч VIII байр руу уналаа.
Тоглолтоос Харцагуудын гарааны холбон тоглогч Domanic Rambo үндэсний супер лигийн түүхэнд бас нэгэн шинэ амжилтыг тогтоон дөрвөн үзүүлэлтээ 10-аас дээш гаргаж 24 оноо 12 самбар 11 оновчтой дамжуулалт 10 бөмбөг тасалсан. Мөн түүнээс Steve Pledger 24 оноо 6 самбар багийн ахлагч Б.Одбаяр 17 оноо 16 самбар, П.Болортулга 15 оноо 7 самбараар багтаа тус хүргэсэн бол Ирвэсүүдээс төвийн тоглогч Teeng Akol 22 оноо 18 самбар, Pugh 20 оноо 16 самбар, Э.Цэвэлдорж 18 оноо, Э.Дорж-арилд 16 оноо авсан байна. “Альянс Тех Харцага” баг II тойргийн ээлжит тоглолтоо ирэх баасан гарагт “Гэгээн хангай Лидер” багийн эсрэг хийх бол “Ирвэсүүд” гуравдугаар сарын 6-нд “Дорнод Танан Гарьд” багийн эсрэг тоглох юм.
Энэ өдрийн сүүлийн тоглолт аль аль нь сүүлчийн учраандаа хожигдол хүлээгээд байсан “Мон-Алтиус Мадимос Шонхорууд” “Дорнод Танан Гарьд” багуудын хооронд боллоо. Энэ өдөр Шонхорууд хожигдол хүлээвэл Плей-оффийн гадна үлдэх магадлал нэмэгдэх тун хариуцлагатай тоглолт болсон. Гэхдээ Гарьдууд тоглолтын эхлэлийг тун сайн тавьж Шонхоруудыг цочирдолд оруулсан ч 2-р үеийн эхнээс тоглолтын хэмнэлээ олж улмаар оноог тэнцүүлсэн. Гэвч Шонхорууд дөрөвдүгээр үед бүрэн давамгайлж, 113:87-аар буюу 26 онооны зөрүүтэй улирлын 9 дэхь хожлоо байгуулж чадсан юм. “Мон-Алтиус Шонхорууд”-аас Т.Санчир багаа тэргүүлэн 32 оноо 7 самбар 7 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн бол төвийн тоглогч Quincy 25 оноо 14 самбар, Г.Цэнгүүнбаяр 20 оноо 7 самбар, Б.Дархантөгс 10 оноо Smush Parker 10 оноо 9 самбар гүйцэтгэсэн байна. Харин сүүлийн хоёр тоглолтод тав болон түүнээс олон гурван онооны шидэлтийг амжилтай болгоод байсан “Танан Гарьд” багийн ахлагч Б.Мөнхболд энэ өдөр зургаан удаа шидсэн ч оноо авч чадсангүй. Харин сэлгээнээс гарч тоглосон А.Тэмүүжин 24 оноо, Jones 17 оноо, Ц.Азбаяр 14 оноо авсан байна. Шонхор болон Гарьдууд II тойргийн ээлжит тоглолтоо аль аль нь “Хан талстын Ирвэсүүд” багийн эсрэг хийнэ.
Багууд нийт 20 тоглолт хийхээс 17-18-ыг хийгээд байна. Одоо багуудад 2-3 тоглолт үлдээд байна. Өнөөдрийн байдлаар 17 тоглолтоос 11 хожил, зургаан хожигдолтой “SBL Хасын Хүлэгүүд” хүснэгтийг тэргүүлж байгаа бол дөрвөн хожил, 13 хожигдолтой “Хэнтий Чингис Сити” баг сүүл мушгиж байна.
Супер лиг: "SBL Хасын Хүлэгүүд" тэргүүлж байна | ||
Үзсэн: 1830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.