Дуурийн урлагийн эх орон гэгдэх Австри улсад суралцангаа тус улсын театрт ажиллаж байгаа авьяаслаг залуу дуучин Р.Амарбаясгалантай цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр амралтаараа эх орондоо ирээд байгаа юм. Мөн шинэ уран бүтээл өлгийдөн аваад удаагүй байна.
-Дуучин Р.Амарбаясгаланг хилийн дээс алхаж, номын дуу сонсож байгаа гэж дуулсан. Хаана суралцаж байна вэ?
-Би 2006 онд СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. Оюутан ахуй цагаасаа эхлэн нийтийн дуу дуулсан. Сургууль төгсөхдөө үеийнхээ нөхөдтэй хамтран “Дуун хээтэй нэгэн үеийнхэн”тоглолт хийж байлаа. Тэгээд тус тусын уран бүтээлдээ анхаарч 2008 онд “Чамдаа би хайртай шүү” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан. Цомгоо ч гаргаж амжсан. Харин 2011 онд Австри улсыг зорьж соёл судлалын чиглэлээр суралцажэхэлсэн. Суралцангаа тус улсын Линц хотын дуурийн театрт ажиллаж байна. Дэлхийд алдартай дууриудыг орчин үеийн хэлбэрт оруулж тавьдаг модерн театр юм л даа.Мөн Австрийнхаа алдартай дуурийн бүтээлүүдийг ч тоглодог.
-Хэлний боловсролдоо хэр их анхаарч байна?
-Австри улсын иргэд гярман хэлээр ярьдаг. Анх очоод хэл мэддэггүй байхдаа нэг шалгалтад орж хөглөж байсан явдал бий. Хэлний тухайд хоёр жилийн дараагаас арай гайгүй болсон.Тэгээд шалгалт өгч тэнцээд тэндэхийн театрт гэрээт дуучнаар ажиллаж байна. Театрын ажлын хувьд надад бодсон зорилго бий.Австри бол Европдоо жижигхэн хэрнээ маш баян улс. Тэгэхээр уран бүтээлчдэдээ илүү анхаарч ажилладаг. Цалин, тэтгэмж нь өндөр бөгөөд техник тоног төхөөрөмжийн хувьд илүү шүү.
-Монголын дуучин дуурийн урлагийн эх орон гэгдэх Австри улсад дуурь дуулж байна гэхээр бахархмаар байна. Та багшийнхаа тухай яриач?
-Миний мэргэжлийн багш бол МУГЖ Ч.Ганхуяг, МУГБ Д.Дашиймаа нар. Монголчууд сүүлийн үед дуурийн урлагийг сонирхож, үздэг болсон. Манай дуурийн дуучид ч амжилттай сайн явж байна.
-Та саяхан шинэ уран бүтээл өлгийдөн авсан. Ямар шинэ уран бүтээл мэндлэв?
-Дуучид нийтийн дуу дуулахыг хүсдэг. Нийгэм нийтийн дууг илүү түлхүү сонсож байна. Энэ тийм ч буруу зүйл биш гэж би боддог. Би ч бас амралтаараа шинэ уран бүтээл дээр ажиллалаа. Р.Билигтийн ая, Ю.Болдын шүлэг “Сэтгэл хоргодсон нутаг” гэж шинэ уран бүтээлтэй болсон. Зургаан жилийн өмнө бэлгэнд авч байсан дуу юм л даа.Хэдийгээр гадаадад амьдарч байгаа ч би нийтийн дууныхаа тал дээр илүү анхаарч ажиллахыг зорьж байгаа.
-Шинэ уран бүтээл гаргахад хүндрэлтэй бөгөөд сайхан зүйл нь юу байдаг вэ?
-Хүндрэлтэй зүйл олон бий. Уран бүтээлч хүнд нэг чухал мөн чанарбайдаг гэж би ойлгодог. Нэгэнт л уран бүтээлч болсон бол түүнийхээ төлөө өөр өөрсдийнхөө замаар замнадаг. Хүндрэл бэрхшээлийг давж чадахгүй бол уран бүтээлч болохгүй шүү дээ.
-Та уран бүтээлийнхээ ая, үгэнд шалгуур тавьдаг уу?
-Сайн шүлгийн ая нь уншихад мэдэгддэг гэж хөгжмийн зохиолч нар ярьдаг юм билээ. Шалгуурын тухайд бол уран бүтээлчид бүгд л анхаарчажилладаг. Миний хувьд шүлэг, ая хоёрт чамгүй анхаарал хандуулдаг.
-Бидэнд гэр бүлийнхнийгээ танилцуулж болох уу?
-Би эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэр эмнэлгийн чиглэлээр суралцдаг. Охин ирэх жил сургуульд орно. Австри улсад гэр бүлээрээ амьдарч байна.
-Нутаг орноосоо хол амьдрахад аав, ээж, нутаг усаа санагалздаг байх?
-Аав маань Өвөрхангай амгийн Нарийн тээл сумын хүн. Миний угшил тэр зүгийнх. Харин би Дархан-Уул аймагт өссөн. Ээж Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат. Нутаг усаа саналгүй л яахав дээ. Сүүлийн үед эх орны сэдэвтэй нэг сайхан дуу дуулах юм сан гэж боддог болсон. Хүний нутагт амьдрахаар эх нутгаасаа муу муухай юм олдоггүй юм билээ. Бодоод, хайгаад ч олддоггүй. Нутаг усаа санаад өөрийнхөөтэмдэглэлийн дэвтэр дээр сэтгэлээ уудлан шүлэг бичдэг болоод байгаа.
-Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа та бүхэнд. Монгол түмэн минь хонь жилдээ аз хийморьтой байх болтугай.
Р.Амарбаясгалан: Бэрхшээлийг давж чадахгүй бол уран бүтээлч болохгүй шүү дээ | ||
Үзсэн: 1863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.